8o
Улаанбаатар хот
mobile menu

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” анхдугаар чуулган боллоо

2019-10-17 14:00:00

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар үндэсний чуулга уулзалтыг 2019 оны сарын 17-18-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болоод олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурын идэвхтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийт 100 төлөөлөл оролцов. 


Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, "Гамшигт өртсөн хүмүүсийн 60-80 хувь нь эмэгтэйчүүд байгаа дэлхийн үзүүлэлт бий. Монголын хэмжээнд ч байгалийн олон төрлийн гамшиг тохиолддог. Үүнд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өртдөг. Гамшгийн эрсдэлийг багасгах ажилд хүн амын 51 орчим хувийг эзэлж буй эмэгтэйчүүд ч тэгш оролцох ёстой. Учир нь эмэгтэйчүүд гэртээ илүү цагийг өнгөрөөж, үр хүүхэддээ нөлөөлөх, айл хөршдөө мэдээлэл дамжуулах, бусдыг соён гэгээрүүлэхдээ идэвхтэй байдаг.

Гамшгаас хамгаалах хуульд байгууллага, аж ахуйн нэгжийн оролцох үүргийг заасан. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй гэж заагаагүй юм. Эмэгтэйчүүд ч гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байж, өрхийнхөө бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэдээлэл түгээж идэвхтэй оролцох боломж байна" гэв. Мөн оролцогчид гамшгийн эрсдэлийн жишээнд тулгуурлаж, урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах, шийдвэр гаргах түвшинд ямар санал дэвшүүлэхээ зөвлөмжөөр боловсруулах юм. Оролцогчид гамшгийн эрсдэлийг багасгах ажил ба эмэгтэйчүүдийн оролцоо, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулахад сайн дурын үйл ажиллагаа хэрхэн нөлөөлөх, гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвийн хүрээнд хоёр өдөр хэлэлцүүлэг явуулж, илтгэл тавьсан юм.

Энэхүү үндэсний анхдугаар чуулган Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөртэй хамтатган хийж байгаагаараа онцлог байсан юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг чуулганаар гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог хангах, салбар, салбарын эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг тодорхойлох, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын талаарх сайн туршлага, амжилтын түүхийг хуваалцаж, энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон шийдвэрлэх арга замыг дэвшүүлсэн зөвлөмж гаргав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment