Хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын 500 иргэнийг баривчилсан гэх мэдээлэл гарсан. Энэ тухай Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх үүрэгтэй Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг ийм ажиллагаа явагдсаныг өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлээд байна.
Тэрбээр "Тагнуулын болон Цагдаагийн Ерөнхий газрууд ажиллаж байна. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй. Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн тул прокурорын хяналтад ажиллагаа явагдаж байна" хэмээн бичжээ. Баривчлагдаж буй иргэд Монгол Улсад орж ирээд удаагүй, эсвэл визний хугацаа хэтрүүлсэн эсэхийг шалгаж тогтоох юм байна.