Чингисийн талбай дээр хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүс хаа нэг тийшээ алхана... Тэд бүгд өөр өөрсдийн мэдээллээ олж авахын тулд зүг зүг яаран алхах ажээ. Учир нь өнөөдөр “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр”. Хэрэглэгч “Хаан” байхыг сануулах өдөр. Тиймдээ ч Чингисийн талбай дээр төрийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, хэрэглэгчдэд мэдээлэл өгсөн нь ийнхүү олныг цуглуулжээ. Талд талд үйл явдал өрнөх зуур гэв гэнэт байн байн эсэргүүцлээ зарлаж байсан микрочид сүр бараатайгаар талбайг дүүргэх нь тэр. Тэд ч гэсэн өөрсдийн зорчигчдын эрх ашгийг хамгаалахын төлөө эсэргүүцэлээ илэрхийлэхээр, автомашиных нь хөдөлгөөнийг хязгаарласан нийслэлийн Нийтийн тээврийн газарт өгсөн шаардлагынхаа хариуг авахаар иржээ.
Учир нь энэ сарын нэгнээс эхлэн Нийтийн тээврийн газраас насжилт нь хэтэрсэн микронуудыг халаанд гаргах тухай тогтоомж гарсан. Энэ тогтоомж нь энэ сарын 13-наас хэрэгжин цагдаа нар насжилт нь хэтэрсэн микронуудыг торгож эхэлснээс амьжиргаагаа залгуулдаг байсан “гол хөдөлгүүр” нь доголдож эхэлжээ.
Тиймээс микрогоо хөлөглөсөн 40 гаруй жолооч бухимдалаа илэрхийлж, төр засаг иргэдээ ялгаварлаж болохгүй гэдгийг хэлж байсан юм. Тэд “Яг одоогийн байдлаар 100 гаруй микро, 500 орчим хүн цуглаад байна. Уг нь зүй ёсондоо 1000 гаруй микро, 2000 орчим хүн цуглах ёстой. Өнөөдөр жагсаал цуглааны эхний өдөр учир бид цөөхүүл зогсож байна аа. Бас талбайд багталцахгүй гэсэн шалтгаан байна” гэж байсан юм.
Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооны дарга: Ц.Батчулуун “Стандарт гэх зүйлээр олон арван жолооч нар ажилгүйдлийн эгнээнд орчоод байна.Тэд микро автобусны стандарт гэдэг юм гаргасан. Тэгсэн мөртлөө төр засаг, зохицуулж байгаа Нийтийн тээврийн газар гэдэг юм нь алагчилсан хуулиар энэ ажлаа явуулж байна. 2003 оны микро автобусны стандарт мөн адил дууссан шүү дээ. Энэ 100 гаруй микрог наймдугаар сарын 01 хүртэл явуулаад бусдыг нь зогсооно гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Бидний тавьж буй шаардлага бол “Биднийг улиралд нэг удаа оношилгоогоор оруулаад, үйл ажиллагааг минь хэвийн явуулж байгаачээ” гэсэн хүсэлт.
Төр засаг та бүхэн парк шинэчилж чадахгүй байна, ажлын байраар хангаж чадахгүй байна. Энийгээ чаддаг болсон үедээ энэ үйл ажиллагаагаа хийгээчээ. Өөрөөр хэлбэл, бидний ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлээгүй байж бид нарыг торгох, яллах, шийтгэхээ урьдал болгох юм. Бид 10 20 албан бичиг өгсөн. Одоог хүртэл ганц ч нааштай хариу ирээгүй. Тиймээс бид тэдгээр хүмүүст талбай дээр ирж үзэл бодлоо идэрхийлж байна. Үндсэн хуулинд зааснаар хүний хөрөнгийг үнэгүйдүүлвэл төр даана гэсэн заалт бий. Яагаад вэ гэвэл 20 жил өөрсдийнхөө хөрөнгөөр төрдөө тусласан. 20 жилийн дараа бид төрдөө тусласаныхаа эцэст ажил ч үгүй, хоол ч үгүй гудамжинд гарч байна. Цалингийн доод хэмжээ 192.000 мянга төгрөг гээд тогтоочоод үүнийх нь тал хувиар нь эргүүлээд торгочих юм. Ийм байдалд яаж ард иргэд амьдрах юм бэ гэсэн.
Микроны жолоочид ийнхүү эсэргүүцэлээ илэрхийлж байх зуур Нийслэлийн тээвэр газар, зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалма ирж тэдэнтэй уулзсан боловч нааштай хариу хэлээгүй юм. Тиймээс жолоочид бухимдалтай байгаагаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэй нүүр тулж уулзаж хэлнэ. Хэрвээ нааштай хариу өгөхгүй бол суултаас эхлээд микрогоо хүртэл шатаана хэмээж байсан юм.