УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдаж шуугиан тарьсан. Энэхүү төрийн албыг схемчлэн ангилж хэрхэн наймаалцах тухай уг бичлэгт МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, түүнийг туслах гэгддэг А.Ганбаатар нар оролцсон. Тус хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, дөрвөн жил хорих ял оноож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргалаа.
А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “60 тэрбум”-ын хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.