Би сэтгүүлч мэргэжилтэй. Бусдын адил гэр бүлтэй, аз жаргалтай сайхан амьдардаг. Сэтгүүлч мэргэжил маань нийгмийг эмчилдэг, эдгээдэг гэж боддог. Ингээд бодоод байхаар би “нийгмийн эмч”
Миний, хүүхдийн, нөхрийн, ээж аавын гээд л ер нь хүн бүрийн бие өвддөг. Өвдөхөөрөө эмнэлэгт очиж эмчид үзүүлдэг. Эм уудаг, тариа хийлгэдэг. Тэд бол “хүний их эмч”
Харин хүн хэмээх нэрний минь мөн чанар болсон барих барцгүй, харах бараагүй сэтгэл минь хэр их өвдөж, хэд дахин сэхээрдэг вэ?Заримдаа сэтгэл минь хачин их ганцаардан шаналж, хаа хамаагүй тэнүүчлэн гиюүрдэг. Гэвч жаахан юманд баярлан хөөрч, учиргүй догдолдог. Хэдэн сарын өмнө сэтгэл минь тэр гэхийн аргагүй хүнд өвчинөөр өвдсөн юм. Нөгөө нийгмийн эмч чинь өөрийгөө эмчлэнэ л гэж бодлоо. Ажилдаа дургүй болж, бүх юманд уур хүрч, бухимдах боллоо. Нөхөртэйгөө ч ам мурийх нь ихэслээ. Хүний их эмчид үзүүлэн эм тариа баахан хийлгэлээ. Бие минь нөгөө л хэвээрээ. Яг юунаас болоод байгаагаа ойлгодоггүй.
Гэрээсээ гараад ажил руу явах замд “Сэтгэлзүйн боловсролыг хүн бүрт” гэсэн хаягтай хаалга үргэлж л нүдэнд өртөөд байдгийг саналаа. Тэр хаягийг хараад би чинь дээд боловсролтой, сэтгүүлч хүн юу гэж сэтгэлзүйн мэдлэггүй байх билээ дээ гэж бодсон сон.
Нэг өдөр яагаад ч юм тэр хаалгаар орж үзмээр санагдлаа. Сэтгэлээ дагалаа. Үүдний хонхыг дарахад төд удалгүй нэг хөөрхөн охин хаалга нээлээ.
-Сайн байна уу? Та цаг авсан уу? гэж асуулаа.
-Үгүй ээ би аваагүй. Зүгээр л... гээд амандаа бувтанлаа. Нөгөө хэл ам сугалчих шахаад байдаг сэтгүүлч хааччихсан юм бүү мэд. Тэгээд:
-“Эгч нь сурвалжлага хийх гэж яваа юм танай байгууллагын талаар” гэж сандарсандаа худлаа хэлчихлээ. Бас болоогүй ээ, ажлын үнэмлэхээ харуулаад авав.
-Аан за за. Та ор, ор гэж нөгөө охин уриалгахан хэлээд цааш эргэв. Үүдний өрөөнөөс эхлэн ханхлах анхилуун лааны үнэр намайг өөрийн эрхгүй тайвшруулан хөтлөх шиг. Нам гүмхэн энэ газрын хаа нэгтэйгээс хүний яриа дүнгэр, дангар хийн тодорхойгүй сонсогдоно.Хаалга нээж өгсөн охин хүлээлгийн сандал дээр суухийг хүсээд
“Манай сэтгэлзүйч зөвөлгөөнд орсон удахгүй гараад ирн” гэж хэллээ.
Би дэвтэр үзгээ гаргаж ирэн
-Танайх ямар үйл ажиллагаа явуулдаг газар юм бэ гэж асуув.
Манайх сэтгэлзүйн зөвөлгөө, засал, сургалт, мэдээлэл хийдэг юм гэж охин товчхон хариулав. Удсан ч үгүй өсвөр насны хүүхэд мөн нүдний шилтэй, тайрмал үстэй, хүзүүндээ ягаан алчуур зангидсан намбалаг төрхтэй даруухан эмэгтэй дээд давхараас бууж ирлээ.
Хамт бууж ирсэн нөгөө хүү:
-Баярлалаа эгчээ, дараа долоо хоногт яг цагтаа ирнээ гэж цовоо цолигуун дуугаар хэлээд гарч одов. Миний охинтой ойролцоо хүү байна даа. Ийм жаахан хүүхдэд бас сэтгэлзүйчийн хэрэг байдаг л юм байх даа гэж үл тоомсорлон бодож амжив.
Сэтгэлзүйч надтай мэндлэн өөрийгөө танилцуулаад байгууллагынхаа талаар ярьлаа. Сэтгэлзүйн Боловсрол Судлалын Үндэсний Нийгэмлэг нь үйл ажиллагаа явуулаад жил гаран болж байгаа бөгөөд хүний сэтгэлзүйд суурилсан бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг хэмээн яриагаа эхэллээ.Ингээд шатаар дээш өгсөн зөвөлгөөний өрөөнд оров.
Анх удаа сэтгэл зүйчтэй...
Үүднээс эхлэн намайг хөтөлсөн лааны анхилам үнэр энэ өрөөнөөс түгээд байсныг би тэгэхэд л анзаарлаа. Ганцаарчилсан зөвлөгөөний өрөөнд өрнөсөн бид хоёрын яриа сурвалжлага гэхээсээ илүү миний ганцаардал, бухимдал, гэр бүлийн асуудал гэх зэргийг хөндсөн халуухан, дотно яриа болж өнгөрсөн дөө. Элдэв чимэг маяггүй өрөөнд зэрэгцээ хоёр буйдан дээр өөд өөдөөсөө харан суугаад хэзээ ч, хэнд ч дэлгэн ярьж байгаагүй зүйлээ илэн далангүй ярьсан тэр мэдрэмж. Хүүхэд байхдаа л би хүсэл мөрөөдлөө, хийсэн хэрэгээ, сайн муу бодлоо ээждээ ийнхүү уудлан ярьдаг байжээ. Том хүн болсноосоо хойш би ингэж сэтгэл доторхоо уудалсан билүү!?Би сэтгэл гутралд орсноо түүнээсээ болоод аливаа зүйлд сөрөг хандлагатай байгаагаа сэтгэл зүйчтэй ярилцсан ярианаас ойлгож эхлэв. Заримдаа хоолой зангиран нулимс цийлэгнэж, заримдаа чанга чанга инээсээр бидний ярилцсан 50 минут нэг л мэдэхэд өнгөрчихсөн. Дахиад л яриад, сэтгэлээ уудлаад баймаар...
Зөвлөгөөний өрөө
Сэтгэл заслын өрөөнд...
Амар амгаланг мэдрээд хэвтмээр нэг тийм таатай. Юу ч бодохгүй тархиа амрааж, гүн сайхан нойрсмоор.Би газар дэлгэсэн гудсан дээр хэвтээд аажим аажимаар зөөлөн ярих энэ эмэгтэйн ярианд “ховсдуулах” мэт. Ирсэн зорилгоо мартаад хэсэг унтчихжээ.
|