8o
Улаанбаатар хот
mobile menu

НҮБ-аас зуданд нэрвэгдсэн малчдад тусламж үзүүлнэ

2016-03-16 12:47:00

НҮБ-аас зуданд хамгийн ихээр өртсөн малчдад тусламж үзүүлэхээр боллоо. Нийт тусламжийн хэмжээ 2.4 сая ам.доллар юм байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн манай улсын нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд зудтай байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 211 сумд хаваржилт хүндэрч, 225.788 хүн буюу 62.719 малчин өрх зутруу хаваржиж байна. Эдгээр иргэдийн дотор тав хүртэлх насны хүүхэд 28.290, жирэмсэн эх 3.340 байна. Мөн энэ 98 суманд амьжиргааны түвшин нь хүнд байдалд орсон, хамгийн эмзэг бүлэг тооцогдож байгаа, 100-аас доош малтай малчин өрх ойролцоогоор 11.800 байгаа юм.

НҮБ-ын энэхүү тусламж нь уялдаа холбоо бүхий хүнс тэжээл, хамгаалал, хөдөө аж ахуй болон амьжиргааг шуурхай сэргээх гэсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжинэ. Тодруулбал, хамгаалал болон хүнс тэжээлийн төслийн хүрээнд малчин өрхөд хүнс, амин дэм, эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгслийг багцаар нь түгээх юм. Хөдөө аж ахуйн төслийн хүрээнд малыг нэмж хорогдохоос сэргийлэх зорилгоор малчин өрхөд өвс, тэжээл, бусад шаардлагатай амин дэмийг хүргэнэ. Дараагийн шатанд малчин өрхөд хэрэгцээтэй бусад зүйлс (түлш, шатахуун, дулаан хувцас гэх мэт) худалдан авах зорилгоор бэлэн мөнгийг олгохоор төлөвлөж байгаа аж.

Эдгээр төслийг ирэх зургаан сарын хугацаанд НҮБ- ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага төрийн бус байгууллагууд болон засгийн газрын зохих байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл