-9o
Улаанбаатар хот
mobile menu

УБЕГ 150 сая хуудас материалыг цахим хэлбэрт шилжүүлжээ

2019-11-14 13:00:00

Монгол Улсын Их хурал энэ оны 12-р сард багтаан Сонгуулийн тухай  хуулийг шинэчлэн найруулахтай холбоотойгоор холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд танилцаж байна. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажилласан бол  өнөөдөр /2019.11.11/ Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр ажиллалаа. УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Сонгогчдын бүртгэл хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Пүрэвдорж нар болон байнгын хорооны ахлах, зөвлөхүүд Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа.


Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг билээ. Одоогийн байдлаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд сонгуулийн насны 2.111.842 иргэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд Сонгуулийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2020 оны сонгуулийн бэлтгэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.

2017 оны сонгуулиар нэг хаяг дээр 20-30 хүн бүртгэгдсэн, адилхан овог нэр, регистрийн дугаартай, нас барсан хүнийг иргэний бүртгэлээс хасаагүй зэрэг асуудлууд гарсан. Үүнийг хэрхэн шийдэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хангаж, биелүүлж байгаа тухай гишүүд асуулаа.  

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хаягийн асуудал сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахад үндсэн мэдээлэл болдог. Иймээс хаягийн асуудлыг объектод суурилсан буюу газрын кадастрын мэдээллийн санг бий болгож, үүн дээр суурилж иргэний улсын бүртгэлийн хаягийн сангаа өөрчлөх ёстой гэлээ. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд  86 мянга орчим хаяг байдаг.  Цаашид хаягийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, хаягийн сангийн асуудлыг цэгцэлж, холбогдох байгууллагуудаас бодит мэдээллийг сонсож, шийдлийг олох хэрэгтэй байгаа тухай ярьж байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хаягийн асуудлаар удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна гэлээ. 

УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн багц хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгуулиа өгдөг болсон тул нэг хүн олон санал өгөх боломжгүй гэдгийг тайлбарлалаа. Мөн регистрийн дугаарын сүүлийн 2 орноос бусад нь адилхан буюу овог нэр, төрсөн он, сар өдөр нь ижил давхцаж болзошгүй 2200 гаруй хүн байна.Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 оноос 150 сая гаруй хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Цахим архив үүсгэсэн учраас ямар ч иргэний мэдээллийг хэдхэн хормын дотор харах боломжтой. Давхцаж болзошгүй иргэдийг тодорхойлж, эрсдэлийн бүлэг тогтоосон гэлээ. Нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна гэх гомдлын тухайд иргэд  www.burtgel.mn хаяг руу орж өөрсдийн хаягаа харах, шалгадаг болсон. Зөрчил гарвал Улсын бүртгэлийн Ерөнхий газарт мэдээлж, арилгуулах боломжтой гэлээ.

Ингээд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгууль бүрээр гардаг зөрчил дутагдлыг арилгахад анхаарч, идэвх санаачилгатай ажиллаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа албан бичгээр  ирүүлэхийг санууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment