8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ

2019-11-15 12:26:00

 “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 2019 оныг “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо”-ны жил болгон зарлаж, Монгол орны 21 аймаг 330 сум, Нийслэл хотын 9 дүүрэгт Хүчирхийлэлгүй ирээдүйн хүмүүнлэг иргэн бэлтгэх тодорхой хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэн “Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнийг өрнүүлж, олон улсын сайн туршлагуудыг судалж, нутагшуулахад анхааран ажиллаж эхэлсэн.

Хүчирхийллийг таслан зогсооход зөвхөн ялын бодлого бус илүү өргөн цар хүрээтэй өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэн 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гарган ажиллаж байна. Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй нөхцөл байдлыг таслан зогсоох, гэмт этгээдүүдэд оноох ялын бодлогыг нэмэгдүүлэх шаардлагад үндэслэн Эрүүгийн хуулийн 12-р зүйл буюу Хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалтуудад хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн судалгааны ажлын хэсэгт МЭХ-ны хуульчид орж ажиллаж байна.

Тэгвэл 2020 оныг АРХИНЫ ЭСРЭГ ТЭМЦЭХ ТЭМЦЛИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА.

Гэр бүлийн бүрэн бүтэн байдал, хүн амын эрүүл мэнд алдагдах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлүүдэд АРХИНЫ ХОР НӨЛӨӨ асар их байгаа тул аливаа сөрөг үзэгдлүүдийн суурь шалтгааныг устгахгүйгээр ЭРҮҮЛ, ЗӨВ МОНГОЛ ИРГЭНИЙГ бэлтгэх боломжгүйд хүрч байна.

Монгол улсын үндэсний статистикийн газрын дүн мэдээгээр: Улаанбаатар хотод согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоо 2008-2017 онд тасралтгүй өсөж, 2017 онд 4779 болсон нь 2008 оноос 1.4 дахин нэмэгдсэн. 2017 онд улсын хэмжээнд зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны дүнгээр бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн (судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 29.7 хувь) 62.2 хувь нь нөхөр /хамтрагч/-ийнхаа архидан согтуурсан үед хүчирхийлэлд өртсөнөө мэдээлсэн.

ДЭМБ-ын тогтоосон стандарт нэг хүнд жилд 8-9 литр архи ногдвол Үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарна гэж үзсэн байтал Монголчуудын архины хэрэглээ жилд нэг хүнд 18.9 литр болж өссөн нь АЮУЛЫН АЮУЛ болсоны нотолгоо юм.

Нийслэл хотод 100 цэг тутмын 56 нь архины зөвшөөрөлтэй дэлгүүр. Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны хэмжээ (спиртийг оруулаагүй) 2008 онд 58.6 сая литр байснаа 2018 оны 131.9 сая литр болж 2.2 дахин нэмэгджээ.

Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өссөн.

2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсан буюу 15.5 хувиар өссөн. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 250, 134 буюу 53.6% нь согтуу үедээ, хүүхдүүдийн 48.1% нь архинаас хамааралтай гэрт болон ойр орчимд нь түүнийг айлган сүрдүүлдэг тохиолдлууд байна. Хүүхдүүдийн 70% нь архинаас болж гэр бүлийн томчууд хэрэлдэж зодолдохыг харсан. НҮБ-ын судалгаанд 195 орон хамрагдахад манай улс 8 -р байрт жагссан зэрэг нэн аймшигтай тоо баримтууд гарсаар байгаа юм.

2020 онд МЭХ Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, архины хамааралтай иргэд, бүлгүүдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, сэтгэл заслын эмчилгээ болон гэр бүлийн зөвлөгөө зөвлөмжүүдийг шат дараатай гаргаж, нийгмийг соён гэгээрүүлэх ажлуудад аливаа байгууллага, хувь хүн, ААН, Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч компаниудыг уриалж, хамтран ажиллахыг хүсч байна.

АРХИНЫ ЭСРЭГ ТЭМЦЭЛ БОЛ УЛС ҮНДЭСТНЭЭ АВРАХ, ХҮҮХЭД БАГАЧУУД, ГЭР БҮЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛАА ХАМГААЛАХ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ БҮХ НИЙТИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ БАЙХ ЁСТОЙ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл