8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нянгийн тэсвэржилтийг бууруулахад эм зүйчдийн үүрэг” сургалт боллоо

2019-11-29 10:04:36

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын санхүүжилтээр энэ сарын 18-наас 24-нд “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног”-ийн хүрээнд “Нянгийн тэсвэржилтийг бууруулахад эм зүйчдийн үүрэг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн эрхлэгч, эм зүйч, эм найруулагч зэрэг нийт 80 хүн хамрагдсан тус сургалтад ЭМЯ, НЭМГ, МХЕГ, НМХГ, ЭМХТ, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо”-ны холбогдох мэргэжилтнүүд нянгийн тэсвэржилтийн талаар ДЭМБ-аас өгч буй мэдээлэл, нянгийн эсрэг эмийг жороор олгож буй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн, эмийн сангийн тайлан, эмийн бүртгэлийн өнөөгийн байдал, бүртгэлийн шинэчилсэн журмын тухай, эмийн гаж нөлөө, зохистой хэрэглээ, шинэ эмийн мэдээллийг хүргэсэн юм.

Энэхүү сургалт нь эм зүйч, эм найруулагч нарт антибиотикийг хэтрүүлэн эсвэл буруу хэрэглэснээс үүдэн хүн болон амьтны эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудыг үүсгэх, нян антибиотикт тэсвэртэй болох, эмчилгээ үр дүнгээ өгч чадахгүйд хүрэх, эмчилгээний хугацаа уртсах зэрэг олон аюулыг дагуулж байгаа өнөө үед иргэд төдийгүй эм зүйчдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх тун чухал алхам болж байна.

Нийт эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг, эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм, антибиотик эзэлж байгаа манай улсын хувьд антибиотикийн талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зохистой хэрэглээг дэмжих, тэсвэржсэн нянгийн тархалтыг бууруулахад эдгээр ажлууд нь чухал ач холбогдолтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment