-10o
Улаанбаатар хот
mobile menu

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн эхний 30 километр замыг ашиглалтад хүлээн авлаа

2019-12-01 14:54:55

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын эхний 30 километр замд Улсын комисс ажиллан, ашиглалтад хүлээн авлаа.

Барилгын талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажлууд хийгдсэнээс одоогоор 80 километрт суурь, газар шорооны ажил, 88 цэгт ус зайлуулах хоолой, бетон хиймэл байгууламж, 30 километр замд хоёр үе асфальтбетон хучилтын ажил хийгдээд байна. Уг авто замын барилгын ажлын үлдсэн хэсгийг ирэх 2020 онд дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шууртай зорчих боломж бүрдээд зогсохгүй дээрх аймгуудыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тус бүс нутагт ажиллах үеэрээ онцолж байсан юм.

Мөн Завхан аймгийн Загастайн давааны 67 километр авто зам ирэх онд ашиглалтад орох бөгөөд ингэснээр бүх аймгийн төвүүд Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил бүрэн хэрэгжиж дуусах юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment