8o
Улаанбаатар хот
mobile menu

182 килограмм дэрэвгэр жиргэрүү хилээр гаргах гэж байгаад баригджээ

2019-12-05 13:30:00

Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хориглосон
байдаг. Дэрэвгэр жиргэрүү нь Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан бөгөөд устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан хилээр гаргахыг хоригложээ. Уг ургамлыг эмийн түүхий эдэд ашигладаг байна.

Гэтэл энэ ургамлыг хилээр нуун гаргах гэж байсан зөрчил гарчээ.
Хил хамгаалах ерөнхий газрын Олон Нийттэй Харилцах Албаны мэдээлснээр: Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор өчигдөр /2019.12.03/ нүүрс тээврийн хэрэгслийн чиргүүлийн доод хэсэгт 11 шуудай нийт 182 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна.

Уг үйлдлийг хилийн 0131 дүгээр ангийн хилчин шалгагч, ахлах ахлагч Д.Ариунболд илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эрүүгийн тухай хуульд "Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж хуульчилжээ.

Энэ онд 117 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг хадгалсан, хилээр нуун гаргах гэж байсан иргэдэд 2 жилийн хорих ял оноож байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл