8o
Улаанбаатар хот
mobile menu

Угаартсан нэг хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна

2019-12-06 09:30:00

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Үүний үр дүнд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага үндсэндээ байхгүй болж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд угаарын хийн дуудлага багасаж байгаа нь иргэд ахуйн хэрэглээндээ сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сурч байгаатай холбоотой гэж үзэж байна. Олон хүний ажлын үр дүнд гэр хорооллын яндантай тэмцэх ажилд тодорхой үр дүн гарлаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт дөрвөн өрхийн есөн хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авснаас нэг хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Товчоодоор орж ирж байгаа түүхий нүүрсэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллаж байна. Иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд нийт 24 ирлээ. Энэ зөрчлүүдэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн дүгнэлт гарган ажиллаж байна. Сүүлийн үед товчоодоор сайжруулсан шахмал түлш гадагшаа гарахыг завдсан зөрчлүүд илэрч байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран гаргасан шаардлагыг сайжруулсан түлш худалдаалж байгаа цэгүүдэд хүргүүлсэн” гэлээ.

Сайжруулсан шахмал түлш борлуулагч нь иргэдэд хяналтын сайн картаар, тогтоосон тоо хэмжээгээр борлуулах ёстой аж. Харин бэлэн мөнгөөр болон тогтоосон тоо хэмжээнээс илүү худалдан борлуулж болохгүй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл