8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Бадамсүрэн: Эрдэнэтийн овоо, ойр орчмын нөөцийг цаашид 60 жил ажиллах боломжтой гэдгийг тогтоосон

2019-12-16 09:00:00

Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийнхэн 41 насны төрсөн өдөртөө “тэвэр дүүрэн” бүтээн байгуулалт, ололт дэвшлээр бэлэг барилаа. Тэртээ 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орж, анхны зэс молибдены баяжмалаа экспортод гаргаж байв. Тэгвэл 41 дэх жилийнхээ босгон дээр  манлай үйлдвэрийн уурхайчид их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүлж, техник технологийн өөрчлөлт шинэчлэлийн олон ажлыг амжилттай амжуулжээ.

Өөрөөр хэлбэл, тус хамт олон үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахын зэрэгцээ хүчин чадлаа нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ажлын байрны орчин нөхцөлийг сайжрулахад “эргэлт” хийсэн  нэгэн оныг хамтдаа бүтээлээ.

Үр дүнтэй, оновчтой хөрөнгө оруулалтын хүрээнд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цех зэрэг үндсэн болон бусад үйлдвэрлэлийн цех нэгжид техник технологийн шинэчлэл хийж, ашиглалтад хүлээн авав. Уулын тээврийн шинэ техникүүдийг  хүлээн авах үйл ажиллагаа Ил уурхайн 1,280 дугаар түвшинд болсон бол технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтыг Баяжуулах үйлдвэрийн төв корпуст өлгийдлөө.

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бид энэ онд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийлээ

Өнгөрсөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг уурхайчид өөрсдийн өндөр мэдлэг чадвар, арвин арга туршлага, нарийн зохион байгуулалтын давуу хүчээр бүтээж чадсаныг эл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэмдэглэсэн. Тэрээр “Улиран одох гэж буй 2019 он уурхайчид та бидний хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн жил боллоо. Энэ онд бид техник технологио боловсронгуй болгох замаар уурхайчид, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажлыг төлөвлөж, гүйцэтгэлээ.

Өнөөдөр бид энэ ажлаа дүгнэж, албан ёсоор хүлээн авч байна. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бид энэ онд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийлээ. Үүний 20 сая орчим долларыг геологийн хайгуулын бүхий л цогц ажилд зориуллаа. Үр дүнд нь Эрдэнэтийн овоо, ойр орчим дох нөөцийг цаашид 60 жил ажиллах боломжтой гэдгийг тогтоосон. Мөн хоёр хоногийн өмнө манай  Геологи хайгуулын ангийг Геологи хайгуулын экспедиц болгон цар хүрээ, статусыг өргөжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь бидний энэ ажлын үр дүн гэдгийг нийт уурхайчдадаа баяртайгаар дуулгая.

Бид техникийн болоод технологийн бодлоготой ажиллаж байгаа. Эдгээр шинэчлэл, бүтээн байгуулалтаа энэхүү бодлогын хүрээнд хийж буйг онцлоё. Ингээд бүтээн байгуулалтын ажилд баг болон гар сэтгэл нийлж, ур дүй,  ухаан чадал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан уурхайчид, инженер техникийн ажилтнууд, энд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлье” хэмээн үргэлжлүүлэн хэллээ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилд Эрдэнэт үйлдвэрийнхэн алсын хараатай,  ажлын байрны орчин нөхцөлийг илүү боловсронгуй түвшинд хүргэсэн шинэчлэл хийж чадсаныг мэргэжилтнүүд энэ үеэр үнэлэв.

Эрдэнэтийн үйлдвэрийн баяжуулагчид Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчилж, Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаарбутлуурыг МР-800 маркийн бутлуураар сольж, суурилуулжээ. Ингэснээр баяжуулалтын фронтыг  нэмэгдүүлж, молибдены металл авалтыг 1 хувиар өсгөн жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна. Ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжрах, хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон давуу тал молибдены нөөц шугамд шингэжээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment