Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, 4 ихэр хургыг эсэн мэнд гардан авсан талаар бид мэдээлсэн билээ. Уг хонь өмнө нь 3 удаа 3 ихэр хурга гаргаж байсан бол 4 дэх удаагаа 4 ихэр хурга гаргаж байгаа төлөрхөг чанар өндөртэй хонь ажээ. Гарсан төлүүд нь бас 3 ихэр хурга гаргадаг байна. Уг хонь нь өмнө нь төллөхдөө өөрөөрөө хургаа гаргаж байсан бол харин энэ удаагийх 4 ихэр тул хээл нь доошоо унжиж өөрөөр нь гаргах боломжгүй байжээ. Тиймээс бүрэн унтуулгын тариа хийж, кесовер хагалгаагаар 4 ихэр хургыг эсэн мэнд гаргаж авсан байна. Ер нь мал эмнэлгүүд төрөх боломжгүй мал амьтдад кесовер хагалгаа хийдэг бөгөөд 2016 он гарсаар Өвөрхангай аймагт 3 хонь, 1 нохойд хагалгаа хийгээд байгаа аж.