Өнөөдөр "Зууны мэдээ" сонины хурлын зааланд “Да хүрээ ”захын иргэд мэдэгдэл хийлээ. Автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Энэ шийдвэрийн дагуу захыг өнгөрсөн оны аравдугаар сард багтаан автомашины худалдааны захуудыг нүүлгэх ёстой байжээ. Гэвч өнөөг хүртэл “Да хүрээ” захын түрээслэгчид эсэргүүцэж, иргэдийн эрхийг зөрчин, “Да хүрээ” захыг хууль бусаар нүүлгэхээр санаархаж байна, Хууль ёсны ашиг сонирхлыг албан тушаалтнууд бүдүүлгээр зөрчиж байна хэмээн мэдэгдсээр байна.
Тэд “Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дөрөвт “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох , хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах , хувийн аж ахуй эрхлэх эрхтэй . Хэнийг хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй.” гэж заасан байдаг. Гэтэл автомашины худалдаа ,сэлбэг хэрэгсэл худалдаалах үйл ажиллагааг 20 гаруй жил эрхэлж байгаа 10 орчим мянган бизнес эрхлэгчид , тэдгээрийн тэжээн тэтгэж байгаа гэр бүл үр хүүхдүүд гээд 30 орчим мянган хүний Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна. “Да хүрээ” захын эргэн тойронд байгаа банкуудыг үйл ажилгааг зогсоож ердөө ганцхан Хас банк л ажиллаж байна. Нэг машинаа зарах гэж бид өчнөөн өдөр хоног болдог. Арай хийж зарах гээд бичиг баримтыг нь хөөцөлдөх гэхээр 72 цагийн хугацаана дууссан байна гээд замын цагдаа нар 19200 төгрөгөөр торгож байна. Бид яаж амьдрах вэ? Бидний ажил амьдрал энд байна. Бид 22-ын товчооны цаана очиж амьдарч чадахгүй. Тиймээс үргэлжлүүлэн “Да хүрээ” зах дээрээ машинаа зарж борлуулсаар байх болно” гэдгээ автомашин, сэлбэгийг худалдаа эрхлэгчид , Үйлдвэрчний хорооны хүмүүс мэдэгдлээ.