8o
Улаанбаатар хот
mobile menu

Байшин шатаж хоёр иргэн нас баржээ

2020-01-07 10:35:39

Орхон аймагт байшин шатаж гал түймэрт хоёр хүн өртөж нас баржээ.

Тодруулбал тус аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 41 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага 2020.01.06-ны өдрийн 16:43 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 16:50 цагт очиж   1 цаг 46 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт тус сумын харъяат иргэн У /46 настай, эрэгтэй/, И /40 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Ахуйн гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүддэг байна.

Иймд:

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

 -Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
naran
haramsaltai um ..zailuul...um maani badme hum ...
2020/01/07 103.212.118.67