-5o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзлээ

2020-01-09 10:00:00

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу  хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнийг нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Харин Ч.Мөнхбатыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг хахууль өгсөн, Г.Мөнхбаяр, О.Оюунтунгалаг нарыг хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн талаарх прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч, Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Харин бусад шүүгдэгч нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment