8o
Улаанбаатар хот
mobile menu

ГХЯ Сингапурын “Темасек” олон улсын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

2020-01-11 09:38:01

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек” олон улсын сангийн хөтөлбөр хариуцсан захирал Жералд Ёо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүнд зах зээлийн шинэ боломжуудыг нээхэд анхаарч, энэ бодлогын хүрээнд худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж буйг Д.Цогтбаатар сайд онцлон тэмдэглээд, Монгол Улсын худалдааны хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлэх ажлыг дэмжиж, Сингапурын “Темасек” олон улсын сан ГХЯ-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсонд тус сангийн удирдлагад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

2019 оны 6 дугаар сард Д.Цогтбаатар сайдын Сингапур Улсад хийсэн айлчлалын үеэр энэхүү хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцаж байсныг ноён Жералд Ёо дурдан, 2020 онд хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд тариф, бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр гурван удаагийн цуврал сургалтуудыг Сингапур болон Улаанбаатарт тус тус зохион байгуулахаар болсон тухай мэдэгдлээ.

Эдгээр сургалтад ЧХХ байгуулахад оролцох Засгийн газрын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид болон эдийн засагч, судлаачдыг хамруулах юм.

Монгол Улсын ГХЯ болон Сингапурын “Темасек” олон улсын сантай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөр нь тус хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл