“Жудагт Монгол” холбооны дээд зөвлөлийн гишүүн Д.Чулуунбат мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын сайд М.Энхсайханг эх орноосоо урвасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул шалгуулах тухай албан ёсоор Тагнуулын ерөнхий газар хандсан талаараа мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөнийхөн “Тавантолгойн ордыг ашиглах консорциумтай гэрээ хийхээр төлөвлөж байсан “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ” болон Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих, ашиглах-шилжүүлэх концессийн гэрээ” болон бусад шаардлагатай асуудлыг нягтлан, судалж 90 хуудас дүгнэлт гаргасан талаараа танилцуулж, мэдээлэл хийлээ. Уг дүгнэлтдээ ажлын хэсгийн арван гишүүний ес нь гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Б.Чулуунбат хэлэхдээ “Тэднийг хүчин төгөлдөр үйлчилж буй маш олон хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, тэмдэглэл, Засгийн газрын тогтоолуудыг зөрчсөн” гэв.