8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг олон улсын байгууллага, хандивлагч орнууд зөв ойлгоно гэдэгт итгэж буйгаа Г.Занданшатар илэрхийллээ

2020-02-06 11:00:00

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ирээд буй Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа ноён Кобаяши Хироюки Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эрчимжүүлэхийн тулд идэвх, зүтгэл гарган ажиллахаа илэрхийлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар Хэйсэй эринд эхэлсэн хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа Рэйва эринд илүү өндөр түвшинд, шинэ агуулга, хэлбэрээр өргөжин баяжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ “Цаашид хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэх, өргөжүүлэх боломж бий гэж үзэж байна. Хоёр орон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулаад тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч Монгол Улсаас Япон улс руу хийж буй экспортын хэмжээ дорвитой нэмэгдээгүй. Тиймээс Элчин сайдын хувиар би үүнд анхаарал хандуулан Монгол Улсын холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчидтэй уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно” гэлээ.

Энэ үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг нь ОУВС-ийн хөтөлбөрийн тухай байв.

Монгол Улсаас Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэнд талархаж байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлээд, энэ санхүүжилтийн II хэсгийг олгох асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайд Кобаяши Хироюкигоос хүсээд тэтгэврийн зээлийн талаар мэдээлэл өгчээ.

Ялангуяа, жилийн 15 орчим хувийн хүүтэй тэтгэврийн зээлийг амьдралын баталгаатай, хангалуун амьдарч буй ахмадууд авдаггүй. Зөвхөн бага орлоготой, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмадууд авч буй. Нөгөө талаар, бүх ард түмний өмч болох байгалийн баялгийн үр ашгийг хүн амын цөөн хэсэг нь хүртэж, хэт тансаг амьдарч буй шударга бус байдлыг цэгцлэх ёстой. Мөн тэтгэврийн реформыг хийхийн тулд тэтгэврийн санг чөлөөлөх шаардлагатай. Энэ мэт олон шалтгаанаас үүдэлтэй, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, нийгмийн тэгш бус байдлыг арилгах, нийгмийн эмзэг бүлгийн ахмадуудаа халамжлах үүднээс сайтар судалж, боловсруулж, авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр болохыг УИХ-ын дарга уулзалтын үеэр тайлбарласан байна. Япон Улс нь манай улсын томоохон хандивлагч тул дээрх шийдвэрийн талаарх судалгаа, мэдээлэл, холбогдох тайлбарыг Элчин сайдаар уламжилж буйгаа хэлжээ.

Мөн "УИХ-ын энэ шийдвэр бол төрийн халамж нэн шаардлагатай байгаа ахмад настнуудад халамж үзүүлэх, улмаар байгалийн баялгийн хуваарилалтыг тэгш, шударга болгох, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой улс төр, нийгмийн өндөр ач холбогдолтой бодлогыг хэрэгжүүлэх эхний алхам юм” хэмээн тайлбарлаад, Монгол Улсын Их Хурлаас гаргасан эл шийдвэрийг олон улсын байгууллага болон хандивлагч орнууд зөвөөр ойлгож, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bitgii tenegt. Bichgeer irsen yum bol ekh khuviar n' taviad barimttai notolgootoi yum yari.
2020/02/06 66.181.170.73