8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас хандивтай холбоотой зөвлөмж хүргүүлэв

2020-03-12 13:26:00

"Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэхэд зориулж Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд Эрүүл мэндийн болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр бэлэн мөнгө болон эд материал хандивлах, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа билээ.

Хэдийгээр хандив, тусламжийг сайн дурын үндсэн дээр үзүүлдэг боловч төрийн байгууллага, албан тушаалтанд тэдгээрийг хүлээн авах, захиран зарцуулахтай холбоотойгоор тодорхой хязгаарлалт тавигдаж, үүрэг хүлээлгэдэг. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Шилэн дансны тухай зэрэг хуульд хандив хүлээн авах, зарцуулах, ил тод тайлагнах, мэдээлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт тусгагдсан. Тухайлбал, хандив авахын өмнө дээд шатны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байх, хандив өгсөн этгээдтэй холбоотой шийдвэрийг хоёр жилийн хугацаанд гаргахгүй байх зэргийг дурдаж болно.

Иймд Авлигатай тэмцэх газраас тусламж, хандивын хөрөнгийг хуульд заасан хүрээнд хүлээн авах, зориулалтын дагуу зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчөөс урьчлилан сэргийлэх чиглэлээр Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл, мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт зөвлөмж хүргүүллээ.

Зөвлөмжид дээр дурдсан хууль тогтоомжийг чанд мөрдөх, орлого, зарцуулалтын талаар байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт энгийн ойлгомжтой байдлаар тухай бүр байршуулан иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, төсвөөс санхүүжүүлтийн зарцуулалтад тавигдах шаардлагыг нэгэн адил баримтлан хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахыг зөвлөе.

Энэхүү зөвлөмж нь иргэд, олон нийтийн зүгээс хандив, тусламжийн дүн, зарцуулалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих, хамтран ажиллахад дэмжлэг болох юм гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл