8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлнэ

2020-03-24 10:59:51

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа талаар өчигдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 180.8 км урттай хатуу асфальтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайд халдваргүйжүүлэлт хийж буй.

Улаанбаатар хотын Захирагчийн албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг энэ сарын 17-ны өдрөөс хийж эхэлсэн.

Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зориулалтын техник хэрэгслээр ариутгал хийгдсэн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт, маргааш Баянзүрх дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Гэр хорооллын нарийн гудамжаар орох боломжгүй асуудал гарсан тул халдваргүйжүүлэлт хийгдээгүй цэгүүдэд дахин очиж, давтан хийгдэнэ” гэв.

Гэр хорооллын өрхүүдийн нүхэн жорлон болон эзэмшлийн 0.7 га газруудад халдваргүйтгэл хийх ажлыг дүүргүүдийн удирдлагуудад даалгажээ.

Гэр хорооллын хог тээвэрлэлтийг сард хоёр удаа хийдэг ба нийтийн байранд оршин суудаг иргэд хогоо ил задгай хаях үзэгдэл их гарч байгаа аж. Тиймээс гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлэх үүргийг Хот тохижилтын газарт өгч ажиллаж байгааг дуулгаад, иргэдийг хогоо ил задгай хаяхгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхаарууллаа.

“Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын нарийн бичиг Н.Баасанжав “Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа бодис нь хүний биед элдэв харшил өгөхгүй, ногоон байгууламжийг устгаж сүйтгэхгүй. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн бодисыг ашиглаж байгаа” хэмээн хэллээ.

Мөн тэрбээр халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээр ариутгал хийлгэхийг иргэдэд сануулсан юм.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 38 ААН-ийн халдваргүйжүүлэх бодисын чанар, үйлчлэх бодисын хэмжээ гэх зэрэг 79 бодисоос дээж авч лабораторид шинжилхэд чанарын шаардлага хангаж дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын газраас ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаарх зөвлөмжийг гаргаж ажиллаж байна” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
сард хоёр битхий хэл 2сард нэг удаа ч хог ачихгүй байгаа шүү дээ үүнээс болж хог овоордог хэзээ ирэх хуваарь байхгүйгээс болж гаргаж чаддаггүй зэрэг асуудал байгаа шүү дээ гаргаад орхихоор нохой тараа
2020/03/24 103.212.118.119