8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийгмийн асуудал яагаад нэг номерт явах ёстой гэж?

2020-04-09 11:07:13

Монгол дахь  барууны намуудын хамгийн том төлөөлөл болсон АН-ын хувьд эдийн засгийн бодлого нийгмийн бодлогоос түрүүлж явах ёстой гэж үздэг. Энэ байр сууриаилэрхийлэх бүрэн боломж нь тэдний засаг барьсан1996-2000 он байлаа. Либералиуд маань итгэл үнэмшлээ нотлохынтулд “Хамгийн зөв нийгмийн бодлого бол эдийн засгийн зөв бодлого”хэмээн онолдож, өмч хувьчлал, банкны реформ хэмээх эрсдэл дагуулсан алхамуудыг эхлүүлж билээ. Түүний үр дүнд макро эдийн засгийн үзүүлэлтэд нааштай гэмээр хандлага ажиглагдсан ч ард түмний амьдрал шалдаа бууж, богино хугацаанд хамраараа газар хатгав. Тухайн үед сөрөг хүчин байсан МАН нийгмийн асуудлыг орхигдуулж байгааг хатуу шүүмжилж байсан ч эрх баригчид “агуу” онолоосоо хазайхгүйгээ мэдэгдэж өнөөх л “Эдийн засгийг босгоогүй цагт нийгмийн асуудал гэж ярилтгүй” хэмээн тас гэдийж байсан юм. Үнэн хэрэгтээ гэдэс өлсгөлөн, толгой хоосон, маргаашдаа итгэлгүй баахан хүн бэлтгэчихээд “За одоо нийгмийн асуудлаа анхаарая” гэх нь Монгол төрийн байр суурь яавч биш болов уу. 2000 оны УИХ-ын сонгуульд  иргэд одоогийн АН-д ердөө ганцхан суудал “хайрласан” нь өөрсдийнх нь амьдралыг золиослон байж зүтгүүлсэн дэндүү өндөр өртөгтэй “реформ”-д нь өгсөн үнэлэлт дүгнэлт байлаа.

Сонгогчдын ахуй амьжиргаанд анхаарахгүй бол явахгүй нь гэдгийг мэдэрсэн АН-ынхан 2004 онд огт өөр дүр төрхтэй буцаж ирцгээснийг хүмүүс санаж байгаа. Өнөө хатуу либерал улстөрчид маань “Хүүхдийн мөнгө” гэдэг яах аргагүй зүүний бодлогод хамаарах уриаг духандаа наачихаад хүрээд ирж билээ. Энэ үеэс л АН улстөрийн хүчний хувьд чухам ямар чиг баримжаатай нь бүдгэрч эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Дүрэмдээ либерал-консерватив гэж заасан мөртөө аман дээрээ түүнээсээ огт эсрэг зүйл ярихыг нь үнэндээ сонгогчдын сэтгэхүйгээр тоглосон үйлдэл гэж ойлгохоос биш яахав.

Монгол Улсын хувьд төр маань ядуу байхын зовлон амссан. Бас мөнгөтэй ч байх үеийг үзсэн. Хамгийн гол нь төсвийн халаас нимгэн, зузаан байхаас үл хамаарч ямар ч үед иргэдийн нийгмийн асуудлыг эхний ээлжинд тавихыг хичээж ирсэн улстөрийн хүчин бол МАН гэгддэг. Угаасаа явуулж ирсэн бодлогоосоо тэгж харагдаад байгаа юм.Өргөн хэрэглээний барааны үнийн савалттай холбогдуулж иргэдийн цалин, тэтгэврийг харж үзэх нь төрийн зайлшгүй үүрэг.Үүнийгээ  хэрэгжүүлэхэд нь бодлогын хувьд дэмжиж хамтран ажиллах нь бусад улстөрийн хүчний хувьд  үүрэг байх ёстой болов уу.

Хүний хөгжлөөс улсын хөгжил хамаардаг. Иргэн баян бол улс баян ч гэдэг. Гэхдээ тэр баян иргэнийг бэлтгэхийн тулд наад зах нь хангалтай цалин өгөх ёстой, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой. Ийм логикоор бодлогоо боловсруулж, шийдвэрээ гаргахын төлөө зүтгэж байгаа аливаа эрх баригч хүчнийг ямар нэгэн улстөргүйгээр харж сурах цаг болжээ.

Д.Лхагва

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл