8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБанкнаас COVID-19 вирустэй тэмцэхэд нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ-д хандивлалаа

2020-04-09 14:03:00

Худалдаа, хөгжлийн банкны хамт олон Дэлхий нийтийг хамарсан шинэ коронавирус (COVID-19) аюулт өвчнийг даван туулахад нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг ЭМЯ-д хандивлалаа.  

Хятад улсын туршлагаас үзэхэд халдварыг богино хугацаанд зөв оношлох, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хэрэгслээр сайтар хангах нь вирусийн тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга гэдэг нь батлагдаад байна.

Иймд COVID-19 вирусийн эсрэг ард түмнийхээ амгалан тайван, эрүүл энх амьдралын төлөө халдварын эрсдэлт голомтод амь биеэ үл хайрлан, ар гэр, ахуй амьдралаа умартан ажиллаж буй Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэн шаардлагатай байгаа хурдавчилсан оношлуур, халуун хэмжигч төхөөрөмж, N95 амны хаалт зэрэг 40 сая төгрөгийн үнийн дүн бүхий хандивыг ЭМЯ-д хүлээлгэн өглөө.

Мөн ХХБанкнаас мөнхийн найрсаг хөрш болох БНХАУ-ын ард иргэдэд корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд нь зориулан 20 сая төгрөг мөн банкны ажилтнууд сайн дураараа цуглуулсан 2.5 сая төгрөгийг БНХАУ-ын элчин сайдын яамаар дамжуулан хандивлаад байсан билээ.

Түүнчлэн корона вирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ард иргэд, бизнес эрхлэгчдээ санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглээний зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хойшлуулах, үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүүг авахгүй байх хүсэлтийг онлайнаар хүлээн авч, шийдвэрлэх ажлуудыг хийж байна.

 

Худалдаа, хөгжлийн банк