8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим төрлийн хүнсний ногооны импортын татварыг 30 хувь болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжжээ

2020-04-15 10:16:50

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 21 гишүүнээс дөрөвдүгээр сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. 

Уг тогтоолын төсөлд одоо 15-20 хувиар тогтоогоод байгаа зарим төрлийн хүнсний ногооны импортын татварыг 30  хувьд хүргэх,  харин үр  тариа, тэжээлийн таримал болон тосны үрийг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь, хэмжээг тэглэхээр тусгасан байна. 

УИХ-ын 2015 оны “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 3.1.11-д “үр тариа, буурцагт болон бусад таримлын төрөл, сортыг нэмэгдүүлэх, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамлын үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх”, 3.1.13-д “өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хот, суурингийн хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах” гэж тус тус заасан байдаг. Гэтэл хүнсний ногооны тариалалт жилээс жилд буурч, зах зээл дэх импортын хүнсний ногооны хувь хэмжээ нэмэгдсээр байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон. 

Түүнчлэн улсын хэмжээнд 2018 онд хүнсний ногоо 8.6 мянган га талбайд тариалж, 102.2 мянган тонн ургац хураан авч байсан бол 2019 онд улсын хэмжээнд хүнсний ногоо 8.3 мянган га талбайд тариалж, 90 гаруй мянган тонн ургац хураан авч төмс, хүнсний ногооныхоо нийт хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Хүнсний ногооны хэрэгцээний хоосон орон зайг гадны чанарын баталгаагүй төмс, хүнсний ногоо эзэлж байгаа нь дотоодын хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд учрах эдийн засгийн сөрөг нөлөөллөөс гадна хүн амын эрүүл мэндэд харшилж, зарим өвчлөлийн эх үүсвэр болж байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт харуулж байна. Түүнчлэн сүүлийн үед манай улсын хүнсний ногоо үйлдвэрлэлийн томоохон компаниуд энэ чиглэлийн бизнесийг тогтмол алдагдалтай байсан гэх шалтгаанаар ээлж дараалан зогсоох боллоо. Сэлэнгэ аймагт гэхэд 6,000 гаруй хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч байснаас одоогийн байдлаар 3,000 болтлоо багассан статистик мэдээлэл байна гэдгийг төсөл санаачлагч танилцуулав.

Эдгээр шалтгаан, нөхцлөөс хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан импортын ногоог оруулж ирэхийг хязгаарлаж гэж байгаа бол  татварыг нь нэмэгдүүлэх боломжтой юу гэдгийг хууль санаачлагчаас тодруулав.

Энэ асуултад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Социализмын үед Монгол Улс 30 хувийн импортын татвартай байсан. Түүнээс хойш 1997 онд гаалийн татварыг тэглэсэн. 7-8 жилийн өмнө дөнгөж 15-20 хувь болсон. Гэвч энэ нь дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж чадахгүй байна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орохдоо импортын татвараа дээд тал нь 20 хувь байлгах үүрэг амлалт авсан юм байна. Хөдөө аж ахуйн цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг 30 байлгаж болохоор заасан байдаг. Үүнийг үндэслээд 30 гэдэг хувь хэмжээг тавьсан” гэдэг хариулт өгчээ.  

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуултж асууж, санал хэлсний дараа “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн байна. 

 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment