8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим албан хаагчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно

2020-04-30 12:23:11

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцлийн зэрэг нэмэгдлүүд энэ жилээс олгогддог болох боломж бүрдлээ.

 

Тодруулвал төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо 1990-1995 онд ажилласнаар тооцож өгсөн баталгаажилтын хуудас, цэргийн алба хаасан хугацаа зэргийг ажилласан жил дээр нь сар жилээр нь нарийн тооцож нэмэн, нэмэгдлийг бодож олгодог болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрьеэтэй өвчтөнтэй байнга харьцаж ажилладаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг, сүрьеэгийн амбулаторийн ажилчид болон эм зүйч, ариутгагчдад хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл олгогдохоор болж байгаа юм.

 

Товчоор:

-  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав. Үүнд хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, 10 төрлийн ургамлын тос, элсэн чихэр багтав.

 

-  Засгийн газрын гишүүд өнөөдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын 6 бүлэг, 12 дэд бүлэгтэй тайлантай танилцав. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг, болзошгүй өр төлбөрийн дүн, түүний зориулалт, нөхцөл, төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал, 2016-2020 оны зарцуулалт, ирэх жилүүдэд сангийн эх үүсвэрийн төсөөлөл зэргийг тусгажээ. Тус тайланг төсвийн тухай хуулийн дагуу УИХ-д хүргүүлж танилцуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment