Өнгөрсөн бүтэн сайн өдрийн сугалаагаар НӨАТ-ын 400 сая төгрөгийн азтанг тодруулсан билээ. Гэхдээ одоог хүртэл азтан ил болоогүй байгаа юм. Тодруулбал 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн хүн 400 сая төгрөгийн эзэн болсон гэх мэдээлэл байгаа ч тэрбээр одоог хүртэл өөрийнхөө баримтыг ebarimt.mn-д бүртгүүлээгүй байгаа талаар мэдээлэл хийсэн. Энэ мэт зарим нэг хэсэг 20 мянгаас эхлээд 400 сая төгрөг хожлоо хэмээн шоудаж байхад зарим нэг хэсэг нь НӨАТ-ын асуудлаар иргэдтэй дуу хоолойгоо нэгтгэж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн худалдан авах чадвар муу, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой иргэд граммын төмс, тал талхаа өр тавин байж авч байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.
Татварын буцаан олголт нь үнэн хэрэгтээ иргэдээс 10 төгрөг илүү аваад 2-ыг нь өгч байгаа хэрэг хэмээн мэдээлэл хийлээ. Түүнчлэн автобусны эцсийн буудал дагуух болон орон сууцны хороолол дундах жижиг ТҮЦ, үсчин, гуталчдыг " кассын машин заавал худалдан ав, аваагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно" хэмээн холбогдох байгууллагуудаас удаа дараа дарамтлаж, сүрдүүлж эхэлсэн байна. Түүнчлэн томоохон худалдааны төвүүдийн лангуу болгон НӨАТ-ын хар машин тавих шаардлагатай болсон. Тиймээс нийслэлийн 6 дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчид энэ хуулийг эсэргүүцэж, зарим зүйл заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулахаар тэмцэж эхлээд байгаа юм.
НӨАТ-ыг ард түмний амьдрал хангалуун, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, инфляцийн төвшин буурсан үед л иргэд хүлээн зөвшөөрдөг. Гэвч манай улсад энэ бүхэн эсрэгээрээ хэрэгжиж байна. “НӨАТ төлснөөр 400 саяын урамшуулалтай сугалаанд орох эрхтэй, та хожих боломжтой” хэмээн ард иргэдийг төөрөлдүүлж, хууран мэхлэх замаар иргэдийн халаас руу төр гараа дүрж байгаа хэрэг гэж ойлгож болно. “Гэтэл иргэд сугалаагаар их хэмжээний мөнгө хожно” гэсэн үгэнд итгэн хуулийн мөн чанарыг ухаж ойлгохгүй байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна. Кассын машиныг суурилуулснаар худалдаа эрхлэгчид НӨАТ-ын татвараа төлөхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс аргагүйд хүрнэ. 10 хувийн татвар гэж байгаа боловч иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон “Атар” талх хүн амын амьжиргааны түвшин харилцан адилгүй хэсгүүд буюу гэр хорооллын дэлгүүрт 1100-1300 болж, харьцангуй худалдан авах чадвар сайтай гэгддэг хотын төвийн дэлгүүрүүдэд наанадаж 1500 хүргэх нөхцөл нь бүрдэж байгаа юм.
Үүний үр дагавар нь барилгын бичил бизнес эрхлэгчид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрсэн шиг шинэ орон сууц, автомашины үнэ дахин нэмэгдэх, улмаар жилийн дараа гэхэд салбар бүрт, иргэн бүр татвараа нуун дарагдуулсан гэмт хэрэгтэн болох нөхцлийг бүрдүүлж байна.
Б.Анхням