Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо одоогоос таван сарын өмнө хуралдаж, тус намаас сонгуульд нэр дэвшбэл 100 сая төгрөгийн хураамж төлөх талаар ярилцсан байдаг. Өөрөөр хэлбэл, АН-ын “100 сая” буюу албан тушаалын “дуудлага худалдаа”-г таван сарын өмнөөс аль хэдийн зохион байгуулж эхэлсэн байдаг. Тус 100 сая төгрөгний дэнчингийн мөнгөний асуудал өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон ч удаа гарсан. Намын зарим гишүүд ч энэ хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр АН-ын ҮБХ-ний хурлын нууц бичлэг цацагдаж эхэлсэн.
Тус аудио бичлэгт АН-ын дарга С.Эрдэнэ, дэнчингийн мөнгөө тушаачихаад, “Дахиад 400 саяыг өг” гэж нэхэхээр нь дургүйлхэж, даргыгаа “дуэль”-д дуудсан Д.Мөнх-Эрдэнэ нарын хэрүүлээс гадна нэр дэвшигчдийн дэнчин тушаах гэрээний мэдээлэл дэлгэгдсэн байна. Ардчилсан нам сонгуульд горилогчидтойгоо хоёр дахь шатны гэрээ хийсэн нь тус нууц бичлэгээр ил боллоо.
“1, 2 ДУГААР ШАТНЫ ГЭРЭЭ”
Тус нууц аудио бичлэгт АН-ын дарга С.Эрдэнэ гэрээний заалтуудыг уншиж тайлбарлав.
• Шалгуурт оролцох боломжгүй болсон сонгуульт гишүүний үзэл бодол итгэл үнэмшлийг хүндэтгэн татвар болон хандив төлөлт намын гишүүний үүргийг нь манлайлал гүйцэтгэлд хамруулан тооцно.
• 5.4-т Ардчилсан намын үндсэн дүрэм, Үндэсний бодлогын хорооноос тогтоосон сонгуульт гишүүний орон нутагт зарцуулах зардлын татварын 10 хувийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн аймаг, дүүргийн намын байгууллагын дансанд шилжүүлсэн байна.
• 5.5-т Сонгуульт гишүүн энэ гэрээний 5.4-т заасны дагуу шилжүүсэн татварын талаарх мэдээлийг Ардчилсан намын санхүү бүртгэлийн хэлтэстээ мэдэгдэж баталгаажуулна.
• 5.6-т Ардчилсан намын үндсэн дүрэм, Үндэсний бодлогын хорооноос тогтоосон сонгууль гишүүний орон нутагт зарцуулах зардлын татварын 20 хувийг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор, мөн 20 хувийг 2020 оны тавдугаар сарын 10-ний дотор тухайн аймаг дүүргийн намын байгууллагын дансанд шилжүүлнэ.
• 5.7 энэхүү гэрээний 5.4, 5.6-д заасан хуваарийн дагуу төвлөрүүлж татварын зарцуулалт , зардал тус бүрээр хяналт тавьж ажиллана
• 5.8 энэхүү гэрээний 5.4, 5.6-д заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгийг бэлтгэл ажлын хүрээнд орон нутагт энэ гэрээний 5.2.1-ээс 5.8-д заасан зориулалтын дагуу зарцуулна.
• 5.11 энэ гэрээнд заасны дагуу бэлтгэл ажлын хүрээнд зарцуулсан татварыг буцаан олгохгүй гэсэн заалт бүхий гэрээ байгуулжээ.
"АН тойргоос нь хамаараад 200-400 сая төгрөгийн дэнчин авна"
Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж үеэрээ “Нэр дэвшигчдийн нэрсийг ил болго, гишүүдийг үзэл бодлоор нь уралдуулж нэр дэвшүүлэх ёстой байхад С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулахаа боль. Сонгуулийн зардлын дээд хэмжээг 2020.02.28-нд Үндэсний аудитын газраас тогтоосон. Үүнд 400-800 сая төгрөгийн хооронд зардлууд гарсан байгаа. Манай аймагт 398 сая төгрөг баталсан. Үүгээр С.Эрдэнэ дарга хоёрдугаар шатны гэрээг хийлгэсэн. Үүнийг миний бие ойлгохдоо 100 сая төгрөгөө тушаачихсан 100 гаруй хүний мөнгө буюу 10 гаруй тэрбум төгрөгөөр нам өөрөө сонгуульд орох нь гэж бодож байтал дахиад сонгуулийн зардал гаргаж ирж нэхэж байгаа нь хар дагуулсан. Тэгээд дунд шатны гэрээ гэж нууц гэрээ байгуулан хүчээр гарын үсэг зуруулсан. Зурахгүй бол нэр дэвших асуудал байхгүй гэрээгээр дүгнэнэ гэсэн. Уг гэрээгээр бол 10, 20, 20 хувь гэсэн гурван үе шаттайгаар тавдугаар сарын нэгний дотор төлөх ёстой.
Миний бие С.Эрдэнэ даргаас ганц зүйл асуусан. 100 саяа тушаачихсан араас нь 400 саяын тавин хувь буюу 200 сая төгрөгөө тушаачихаад мандатаа авч чадахгүй бол яах вэ гэсэн чинь "Хохь чинь" гэж байна лээ” гэсэн мэдээллийг өглөө.
Түүний мэдээллээс харахад АН тойргоос нь хамаараад 200-400 сая төгрөгийн дэнчин авах аж. Одоогийн байдлаар 181 горилогч 100 сая төгрөгөө тушаасан гэж үзвэл эдгээр горилогчид нэмээд 200-400 сая төгрөг тушаах аж.
АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа гишүүдээс 100 сая төгрөгийн дэнчин нэхэхдээ байдаг л асуудал гэх тайлбарыг хийсэн. Гэвч тэрхүү мөнгө нь даруй гурваас дөрөв дахин нэмэгдчихээд байна, энэ бас байдаг л асуудал уу С.ЭРДЭНЭ ДАРГАА.