8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэмжээ авах"-ыг санал болгож, Шадар сайдтай уулзав

2020-05-06 09:17:09

МЭХ-ны санаачлагаар эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, цар тахалын хугацаанд эмзэг бүлгийн иргэдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа. Тус уулзалтанд МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа, ЛЭОС-ын Тэргүүн Ц.Бүжидмаа нар оролцов.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь COVID19 цар тахал дэгдээд буй нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөлүүдээрээ  дамжуулан сумын түвшинд хоол хүнс, орон байр, аюулгүй байдлын маш хүнд нөхцөлд орж буй өрх гэр, хүүхэд, эмэгтэйчүүдийн тоон мэдээлэл цуглуулсан.

Өнөөдрийн байдлаар 10 аймгийн 9636 өрх, 33 330 хүүхэд, эмэгтэйчүүдийг хамарсан асуумжаас харахад:

  • 28,000 гаруй буюу хүүхэд эмэгтэйчүүд буюу 93%  (7974 өрхийн 8652 гаруй эмэгтэй, 19314 хүүхэд) яаралтай  хоол хүнсээр хангагдах шаардлагатай байна.
  • Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж болзошгүй 1662 өрх буюу байгаа ба түүнд амьдарч байгаа 1658 эмэгтэй, 3706 орчим хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болоход ойрхон мэдээлэл байна. 

Нийт дүнгээр 30,000 орчим хүүхэд, эмэгтэйчүүдэд хоол хүнс, эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл, орон байрын яаралтай тусламж хэрэгтэй байна. Мөн “хямралын үр нөлөөнд охид, эмэгтэйчүүд илүү өртөж байна. Үүнийг шийдвэрлэхэд тэдэнд чиглэсэн тусгайлсан арга хэмжээ авах хэрэгтэй” болохыг НҮБ онцлон анхааруулсан. 

Монгол Улсын хувьд, тэр дундаа эмзэг бүлгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдэд цар тахлын үеийн эрүүл мэндээ хамгаалах, орон байр хоол хүнсээр хангагдах, хүчирхийллээс ангид байх нөхцөл боломж хумигдаж, удаан үргэлжилбэл өлсгөлөн ядуурал нэмэгдэх хандлагатай байгаад эмэгтэйчүүдийн байгууллагууд санаа зовниж буй юм. 

Иймд “Хэнийг ч ардаа орхихгүй”, ард олноороо аюулт тахлаас сэргийлж, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртөж буй эмзэг бүлгийн иргэдэд зориулсан “ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР” боловсруулан хэрэгжүүлж, дараах зүйлсэд түлхүү анхаарч ажиллахыг хүслээ. 

“ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР”-т

-Эмзэг бүлгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг хоол хүнс, дархлааг дэмжих эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэлээр хангах

-Хүчирхийллээс хамгаалах байрны санхүүжилтийн богино хугацаанд яаралтай шийдвэрлэх

-Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн ажлын байрыг хадгалах,  түрээсийг шийдвэрлэх, бизнесийг нь шинэ нөхцөлд дасан зохицоход зориулсан сан ажиллуулах

- Эмзэг бүлгийн иргэдийн ус, цахилгааны төлбөр төлөөгүй ч таслахгүй байх зэрэг үйл ажиллагааг төлөвлөх шаардлагатай байна.

-Ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр энэ оны 02-04 дүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 7468 гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеийнхээс 57.2 хувиар өссөн байна. Иймд онцгой байдлын хугацаа дуустал архины худалдаа, борлуулалтыг түр хугацаагаар хориглох.

-Малчдын хүүхдүүд теле хичээлд хамрагдаж байгаа эсэхэд анхаарал хандуулж, хүүхэд нэг бүрийг хоцрогдолгүй суралцахад анхаарах.

Хүн ард, төр засагт сорилт шалгалт болж буй энэ цаг үед эв нэгдэлтэй байж, хамтын ажиллагаа түншлэлээр аливаа эрсдлийг бууруулж, хэний ч амьд явах, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалуулах эрхийг эдлүүлэхэд бид Та бүхэнтэй хамтран ажиллаж, Хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад оролцох боломжтой гэдгийг мөн уулзалтын үеэр ТББ-уудын төлөөлөл онцоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл