8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Ганболд: Бид авдар дүүрэн алт тэврээд үхэхгүй

2020-05-06 10:31:09

“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд эх оронч гэдгээ илэрхийлж, фэйсбүүк хуудастаа дараах постыг оруулжээ.

Танил талтай, боломжтой айлын хүүхдүүд бүгд гадагшаа сургуульд явсан. Иргэншлээ дагаад олон залуу хөгжилтэй орныг зорьсон. Надад тийм боломж байсан ч явахыг хичээлгүй, дотооддоо амьдрахыг хүссэн, тэмцсэн. Би их мөнгөтэй болсон ч гадаадад хэзээ ч амьдрахгүй.
Халтар, утаатай гээд байгаа энэ газар чинь миний л эх орон, төрж өссөн газар шороо минь шүү дээ.

Би, бид үүнийг өөрчилж, хөгжүүлэхийн төлөө зүтгэхгүй бол өөр хэн хийх юм бэ. Гаднынхан хөрөнгө мөнгө хаяад л байна. Тэд газар дэлхийгээ хайрлах үзэлтэй ч Монголын төлөө, монгол хүн шиг шархалж, зовох болов уу. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг үг байдаг даа. Би оготно байсан ч хамаагүй боож үхтлээ л эх орныхоо сайн сайхан хөгжлийн төлөө зүтгэнэ. Дээхнэ үед барууны өндөр хөгжилтэй орон руу явсан миний олон найз өнөөдөр эх орноо гээд ирж байна. Тэд Монголынхоо тогоон дотор чанагдалгүй 15, 20 жил болсныхоо эцэст “Тэр газар нутаг чинь миний эх орон биш юм байна. Бид тэнд III сортынхон л юм байна” гээд ирдэг. Өндөр боловсролтой залуус АНУ-ын тийм компанид ажиллаж, ийм амжилттай байна гээд л сонин хэвлэлээр бичээд байдаг. Өндөр цалин авч, III сортод орж, хөгжилтэй оронд хүчээ өгч байгаа болохоос тус компанийн хувьцаа эзэмшигч биш шүү дээ.

Би монгол хүн учраас эх орныхоо хөгжлийн төлөө бүх хүчээ зориулж, сүүлчийн ганц төгрөгөө ч улсынхаа төлөө зарцуулна. Бид авдар дүүрэн алт тэврээд үхэхгүй. Үр хүүхдэдээ ч тийм зүйл үлдээхгүй. Миний орчинд байгаа таньдаг хүмүүс эд зүйл шүтсэнээс эмгэнэлт байдалд орж байгааг би харж байна. Аав, ээж нь хэрхэн ажиллаж, мөнгө яаж олдогийг огт мэдэхгүй болж. Бидний үед “NIKE”-ийн пүүзтэй болбол хайрлаж, байн байн угааж, түүнийгээ хоймортоо залах нь холгүй байлаа. Харин одоо бол дэлхийн алдартай брэндийн бүтээгдэхүүнүүд чинээлэг айлын хүүхдүүдийн үүдний өрөөнд хөглөрөх болж. Тэр хүүхдүүд амьдралын үнэлэмжгүй болж эцэстээ таашаалыг архи, хар тамхинаас авдаг болдог. Хамгийн аймшигтай эмгэнэл бол энэ. Тиймээс би хүүхдүүдээ, дүү нараа, хамт ажиллаж байгаа хүмүүсээ зөв хүн болгохыг хичээдэг.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment