8o
Улаанбаатар хот
mobile menu

Хил хаасан тул тархины саажилттай хүүхдүүдийн эм тасарчээ

2020-05-14 09:58:42

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ.

Т.Туяажаргал Мөн тэрбээр хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдаж буй гол асуудал эмийн хэрэгцээ дутмаг байгааг хэллээ.

Монгол улсад бүртгэлтэй таван төрлийн эм, эмийн хэрэглээ байдаг боловч хүүхдүүдийн биеийн онцлогоос хамаараад таарахгүй байх тохиолдол их гэнэ. Коронавирусийн халдвараас үүдэж хил хаасантай холбогдуулан гадаадаас авчирдаг эм тасарснаас зарим хүүхдийн өвчин хүндэрчээ.

Иймд тус төвийн хамт олон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд удаа дараа хандаж хүсэлт өгсөн ч амжилт олоогүй талаараа мөн дуулгаж байв.

“Энэрэл” төвд одоогийн байдлаар оюуны бэрхшээлтэй, тархины саажилттай гэх оноштой 24 хүүхэд явж байгаа аж.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон хөдөлгөөний засал, сургалтууд явагддагаас гадна хүүхдүүдээ харж буй эцэг эхчүүдэд нь ажил эрхлэх боломж олгодгоороо онцлог. Тус төв нь хажуудаа “Ханни” чихмэл тоглоомын үйлдвэртэй бөгөөд хүүхдүүдийн ээжүүд ажилладаг байна. Ээжүүдийн урласан тоглоомыг борлуулж олсон ашиг  төвийн үйл ажиллагаанд чамгүй их нэрэм болдог хэмээн “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн тэргүүн Т.Туяажаргал хэлж байв.

Тэрбээр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв өнөөдрийг хүртэл статусгүй. Ямар нэгэн стандарт журамгүй үйл ажиллагаа явуулж байгаа учраас төрөөс санхүүжилт авахгүйгээр багахан хэмжээний төлбөр, ээжүүдийн урласан чихмэл тоглоомоосоо санхүүжилтээ зохицуулдаг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжих орчин бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Төр захиргааны байгууллагын харьяа болох эсхүл хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. Тусгай сургуульд бүртгэлтэй боловч байнгын асаргаатай учраас хичээлдээ явж чаддаггүй маш олон хүүхэд гэртээ байна. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь байлгаад байхгүй аль болох өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнийг хийлгэж, хөгжүүлэх сонирхолтой. Бид адилхан зовлонтой эцэг эхчүүд учраас хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийж явна” гэв.

“Энэрэл” хүүхэд хөгжлийн дэргэдэх “Ханни” чихмэл тоглоомын төвд ээжүүд бүх төрлийн зөөлөн тоглоом урладаг. Өнөөдөр нийслэлийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн захиалгаар 100 ширхэг чихмэл туулай урлаж байв. Чихмэл тоглоомоос гадна амны хаалт, бээлий, түлхүүрийн оосор бүх төрлийн гар эсгүүрийг хийдэг. ЕБС-ийн технологийн хичээлд зориулсан гар оёдлын бэлдэцүүд ч их байлаа.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй таван хүүхдийн аавууд нэгдэн “Ирээдүй төв” Төрийн бус байгууллагыг нээж, өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг талаар дууллгалаа. “Ирээдүй төв” ТББ-ын гишүүн хуулийн зөвлөх Ж.Ганболд “Бид өнөөдрийг хүртэл бүх санхүүжилтээ өөрсдөө гаргаж ажиллаж байна. Үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад хүндрэл их.Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлсан хөгжлийн төвүүдийг дүүрэг бүрт нээж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тусгай сургууль дөрөв, хоёр цэцэрлэг байгаа ч бүтэн цагийн, ганцаарчилсан болон бүлгийн тогтмол хөгжлийн төв зайлшгүй хэрэгтэйг эцэг эхчүүд биеэрээ мэдэрч байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүүхдүүдэд шаардлагатай эмийн жагсаалт болон албан хүсэлтийг УОК, ЭМЯ-д хүргэж, ажил хэрэг болгохыг дуулгав. Тус төвийг стандарт шаардлагад нийцсэн статустай болгох, хувьсах зардлыг олгох асуудлуудыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг гаргахаар боллоо.

Мөн есөн дүүргийн хэмжээнд хүүхэд хөгжлийн төв нээх асуудлыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөөлүүдэд судалж шийдвэрлэхийг үүрэг болголоо. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зөвлөлийг хуралдуулж эрх зүйн орчинг сайжруулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарна” гэжээ.

Тус төв Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр гурван жил ашиглуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment