8o
Улаанбаатар хот
mobile menu

Захирамж зөрчин 800 гаруй иргэн ууланд аялж, зугаалсан зөрчил илэрчээ

2020-05-22 10:29:54

Цаг үеийн нөхцөл байдлын талаар  НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа нар  цахимаар мэдээлэл хүргэлээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 болон PM2.5 хэмжээтэй тоосонцор, хүхрийн болон азотын давхар исэл стандартын хэмжээнд байна. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцор азотын давхар исэл өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэ нь шороон шуурга болон, автомашины бөөгнөрөлтэй холбоотой хэмээн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал тайлбарлав. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах ирэх оны өвөлд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш компанитай хамтран сайжруулсан шахмал түлшний дулаан хадгалах хугацааг нэмэгдүүлэх, утааг бага хэмжээгээр гаргах асуудлаар туршилт хийж байгаа талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд байгаль хамгаалагч, морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орны газрын 32 урамшуулалт эргүүл, 32 байгаль хамгаалагч нар давхардсан тоогоор 400 гаруй удаа хяналт шалгалтын ажлыг хийжээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоног цаг агаар сэрүүвтэр байсан тул нийслэлийн бүсэд ой хээрийн түймэр гараагүй. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ойн хээрийн болон өнжмөл өвс шатаах хэрэг буурсан. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд өнжмөл шар өвс шатаасан тохиолдол 2, ил задгай хог шатаасан 3, гагнуур хийж байсан 12  тохиолдлыг илэрүүлж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэхийн тулд хуурайшилттай цаг үед ууланд гарч аялж зугаалахыг ирэх сарын 10-н хүртэл хориглосон захирамж гарсан. Гэтэл захирамжийг зөрчиж ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэн, 250 автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй гал түймрээс сэргийлэх арга хэмжээг авлаа” гэв.

Хуурайшилтын үед иргэдэд ойн хээрийн болон гал түймрийн сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байгаа бөгөөд зуслангийн бүсэд иргэд гагнуур хийх зөрчил гаргасаар  байгаа аж. Иймд болзошгүй гал түймрийн эрсдлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан зөвлөв. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment