УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан билээ. Тэрбээр Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээний товыг энэ сарын 12-ны 19.00 цагт хийхээр товлож байсан ч Ерөнхий сайд ямар ч хариу өгөөгүй тул мэтгэлцээний товыг 14 хоногоор хойшлуулж энэ сарын 23-нд буюу өнөөдөр хийхээр болсон. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү тун удахгүй мэдээлэл өгөх гэж байна. Мөн өөрийн фэйсбүүк хуудсандаа “Ноён Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүн Ч.Сайханбилэг минь өнөөдөр гуравдугаар сарын 21-ны өдөр. Би гуравдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танийг халз мэтгэлцээнд дуудсан. ТВ5 эфирийн цагаа дуртай үедээ авч болно гэх албан бичиг өгсөн. Би өмнө нь хэлж байсан. Одоо ч гэсэн дахин хэлье. Бодлогоор өрсөлдье. Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн минь ард түмэндээ үнэн зөв мэдээлэл авах бололцоог адилхан УИХ-ын гишүүний хувьд хамтдаа олгоцгоое.
25 жил Монгол Улсыг хэрэв гайхамшигтай хөгжүүлсэн гэж үзвэл түүний гавьяаг ноён Ч.Сайханбилэг та хүртэх бүрэн эрхтэй. Хэрэв 25 жил Хөгжлийн замаар биш авлигалын замаар явж одоогийн байгаагаас илүү сайхан амьдрах боломжийг үгүй хийсэн гэвэл бас л Ноён Ч.Сайханбилэг та энэ бүхний бурууг үүрэх ёстой гэж би ойлгож байна. Та 25 жилийн өмнө залуу байсан. Тиймээс та алдах эрхтэй байсан.
Одоо бол та залуу биш харин хөгшөн улс төр ч таньд алдах эрх байхгүй. Та ард түмэнийхээ өмнө бодлогоор өрсөлдөөд үнэн зөвийг нотлохыг хүсэж байна. Хэрэв та ялвал би Улс төрөөс бүр мөсөн явах болно. Харин та Н.Багабанди, С.Баяр, Баабар, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нартайгаа хамт 25 жилийнхээ улс төрийг цааш нь үргэлжлүүл. Ард түмэн тэдэнд болон таньд 25 жилийн өмнөхийн адил итгэх болно.
Зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайд эрх мэдэл, албан тушаал хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Тэр эх орондоо хайртай учраас санаа зовон танд захидал бичсэн. Энэ буурай шиг олон хүмүүс таниас асуухыг хүсэж байна. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж Та хэлсэн хэрнээ одоо их өрөнд оруулсан гэх юм. Энэ бүгд үнэн юм уу. Хоёр том төслөө хөдөлгөж байж ноён долларын хаш буурах болно гэж та мэдэгдэхдээ Тавантолгой төслийг 100 жилээр хэдхэн гэр бүлд өгөх гэж оролдсон гэх юм. Энэ бүгд үнэн юм уу. Энэ мэт олон асуултыг иргэд таниас асуухыг хүсэж байна.
Та нэгэн удаа өөрийгөө хуульч гэж хэлж байсныг би сайн санаж байна. Хуульч бол нэг зүйлийг Та сайн мэдэж байгаа. 39 гишүүн байж засаг байгуулах эрхтэй. Засаг байгуулж байгаа бүлгүүд сайдуудаа хэлэлцэж таньд өргөн мэдүүлэн та УИХ-аар оруулж батлуулдаг.
Хамгийн сүүлд З.Баянсэлэнгэ гишүүн бүлгийн дэд дарга гэх эрх мэдлийнхээ хүрээнд шадар сайдад Н.Энхбаярыг өргөн мэдүүлсэнийг та санаж байгаа байх. Цаашид ч энэ л зарчимаар явна. Одоо манай бүлэг найман гишүүнтэй болсон. Хэрэв би бүлгээс гарвал бүлэг задрах аюултай. Засгийн газрын чадамжын асуудал шууд яригдах болно. Та хуульч хүний хувьд энэ бүгдийг сайн мэдэж байгаа. Миний хувьд бүх зүйлд хариуцлагатай хандах үүднээс ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байна. Гэвч би хичээнгүйлэн хүсэж байна. Гуравдугаар сарын 23-нд мэтгэлцээнд хүрч ирээд бодлогоор мэтгэлцье” гэжээ.