8o
Улаанбаатар хот
mobile menu

Норвеги, Дани Улсууд цэцэрлэг, бага сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээ зарлав

2020-04-09 13:00:00

Норвеги

Норвегид 2020 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 6042 байгаа бөгөөд үүнээс нас барсан хүний тоо 101 хүрчээ. Тус улсын Эрүүл мэнд, халамжийн сайд коронавируст халдварын тархалтыг хяналтад авч чадсан гэж 2020 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр мэдэгдэл гаргасан.

Харин өчигдөр, Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх долоо хоногийн Даваа гараг буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс, бага болон дунд ангийн хичээлийг 27-ны өдрөөс тус тус эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан байна. Түүнчлэн, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн техник боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн оюутнуудын хичээлийг 27-ны өдрөөс эхлүүлэх юм байна.

Тус улсад спорт, соёлын үйл ажиллагааг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахыг хориглосон байгаа.

Дани

Данийн Вант Улсын Ерөнхий сайд Метте Фредериксен ирэх долоо хоногоос хөл хорионы дэглэмийг бууруулахаа 2020 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр зарласан байна.

Засгийн газрын шийдвэрээр бага ангийн 0-5 дугаар ангиудын хичээлийг эхлүүлэхээр болсон бөгөөд багш, сурагчид аль болох удаан хугацаагаар цэвэр агаарт цагийг өнгөрүүлэх, хичээл, сургалтыг аль болох том танхимд зохион байгуулахаар болсон байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 10 дугаар ангийн сурагчдын хичээлийг 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэх юм байна.

Ерөнхий сайд Метте Фредериксен хэвлэлийн бага хурлын үеэр “Бага ангийн сурагчдын хичээлийг эхлүүлснээр эцэг, эхчүүд тайван ажлаа хийх боломжтой болно. Олон асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул энэ нь бидэнд хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

Данид 2020 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 5,402 байгаа бөгөөд үүнээс 218 нь нас барсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл