8o
Улаанбаатар хот
mobile menu

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУРГУУЛИУД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2020-05-29 17:00:00

Сургалтын байгууллагууд Ковид19 цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон хэдий ч олон сургууль, хөтөлбөр магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, цахим орчинд ажиллаж байна. Үүний үр дүнд магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн тоо нэмэгдэж, дээд боловсролын салбарт 2 их, дээд сургууль, 19 бакалаврын, 1 магистр, 1 докторын хөтөлбөр шинээр магадлан итгэмжлэгдлээ. Үүнээс гадна шинээр магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын 4 байгууллага, ерөнхий боловсролын 4 сургуульд өнөөдөр БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, БМИҮЗ-ийн ажлын албаны дарга О.Янжмаа нар гэрчилгээг гардууллаа.

Эм Ай Ю дээд сургууль, Монгол Улсын Консерватори, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага болох Барилгын Политехникийн коллеж, Ховд аймгийн Хөгжил политехник коллеж,  Хөвсгөл аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Архангай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, 34 дүгээр сургууль, Оюуны ундраа цогцолбор сургууль, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургууль ийнхүү магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардсан юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, зөвхөн магадлан итгэмжлэлд зориулж биш  хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаагаа сайжруулах, чанартай зохион байгуулахад тогтмол анхаарч ажиллах нь чухал болохыг сануулаад амжилт хүслээ. Ингэснээр 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 62 дээд боловсролын сургалтын байгууллага, 18 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, 4  ерөнхий боловсролын сургууль магадлан итгэмжлэгдсэн байна. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг www.accmon.mn цахим хуудаснаас авах боломжтой.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл