8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлт 80 хувьтай байна

2020-06-27 12:16:21

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баасан гарагт Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгаж, холбогдох албаны хүмүүст зарим үүрэг чиглэлийг өглөө.

“Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлж байна. Хууль дүрмийн дагуу нөхөн олговрыг олгож, газар чөлөөлөлт хийгдсэн.

 

Одоогийн байдлаар 82 айл газраа чөлөөлсөн, 8 айлтай орон сууцаар газрыг нь сольсон. Нийтдээ 90 айл газраа бүрэн чөлөөллөө. Одоо 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болсон, зөвшилцөх шатанд явж байна. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хуулийн дагуу хийнэ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 80 хувьтай байна” гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хотын Захирагчид танилцуулав. Мөн энэ орчмын иргэд, оршин суугчдын зүгээс газар чөлөөлөх ажилд идэвх санаачилгатай дэмжин оролцож, хурдан хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа гэдгийг онцолж хэлж байлаа.

 

Энэ үеэр 9, 11 дүгээр хорооны оршин суугчдын зүгээс газар чөлөөлөлтөд хамрагдаж, оршин сууж байсан газраа Үндэсний урлагийн их театр барих талбайд өгч байгаадаа баяртай байгаагаа хэлээд эхнээсээ чөлөөлсөн газарт барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд шөнө, оройн цагаар хогоо ил задгай хаяж байгаад анхаарах хэрэгтэй байгааг дуулгалаа. Мөн газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг шийдчихвэл хурдан нүүх хүсэлтэй байгаа мөн хотын даргад хэлэв.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Засгийн газар, Нийслэл бодлого шийдвэрээ гаргаж, Үндэсний урлагийн их театр барих 10 га газрыг Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороонд чөлөөлж байна. Энэ газарт Үндэсний урлагийн театраа барьж байгаа нь цаашдаа үүнийг дагаад гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц татах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм” гээд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үлдсэн айлуудтай яаралтай зөвшилцөлд хүрч, газраа бүрэн чөлөөлж, чөлөөлсөн газартаа цэвэрлэгээ, тохижилтын ажлаа хийхийг үүрэг болголоо.

Түүнчлэн Төр, засгийнхаа бодлого шийдвэрийг хүндэтгэн богино хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа иргэд, оршин суугчдад талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл