8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын банкны системийн нөлөө бүхий Худалдаа Хөгжлийн банк болон Улаанбаатар Хотын банкууд нэгдлээ

2020-06-29 09:48:12

Өнөөдөр Монгол Улсын банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 13 банкнаас 30 жилийн түүхтэй арилжааны ууган банк болох Худалдаа, хөгжлийн банк болон 21 жилийн түүхтэй системийн нөлөө бүхий банк болох Улаанбаатар хотын банкууд нэгдэж буйг албан ёсоор мэдээлж байна.

Монголбанкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа, хөгжлийн банканд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болж байна.

Улсынхаа нийслэлээр овоглосон Улаанбаатар хотын банк нь 1999 оноос өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, харилцагчдадаа банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай, чанартайгаар хүргэсээр ирсэн бөгөөд жил бүр МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид шалгардаг бахархам түүхтэй банк төдийгүй, Монголбанкны тодорхойлсноор банкны системийн нөлөө бүхий зургаан банкны нэг юм.

Банк, санхүүгийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын практикт томоохон банкуудын нэгдэл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор ихээр хийгддэг бөгөөд ингэснээр нэгдлийн дараах банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурч, зах зээл дэх зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар харилцагч иргэд болон байгууллагуудад илүү уян хатан үйлчилгээний нөхцөлийг бий болгох, харилцагч төвтэй бизнес загварыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болдог байна.

Ийнхүү, банкны системийн нөлөө бүхий банкууд нэгдсэнээр Худалдаа, хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж, харилцагч болон ажилтнуудын тоо, салбар нэгжийн хүртээмж зэргээр улам хүчирхэгжиж, харилцагчдадаа илүү ойртох стратегийн зорилтод жинтэй хувь нэмэр болж байна.

Мөн тус нэгдлээр Худалдаа, хөгжлийн банкны нийт актив, өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад санхүүгийн тоон үзүүлэлтүүд нэмэгдэж, цаашид хэрэгжүүлэх бизнесийн үйл ажиллагаа, харилцагчдадаа хүргэх үнэ цэнэ, зах зээлд нэвтрүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээгээр улс, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК