8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх сарын 15-ныг хүртэл сунгалаа

2020-07-01 10:05:00

Улсын онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Харин дотооддоо аж ахуй нэгжийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад өгсөн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын онцгой комисс хуралдлаа. Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, иргэд аж ахуй нэгж байгууллагуудын ажлын байр хадгалах чиглэлээр аймаг, нийслэлийн удирдлагуудад хэд хэдэн удаа үүрэг өгөгдсөн. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийлээ.Өмнө нь нийслэлийн Засаг дарга болон Улсын онцгой комиссын  зүгээс хэд хэдэн чиглэлээр үйлчилгээний байгууллагыг үе шаттай нээсэн. Бүх төрлийн дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн байгууллагуудыг Дэлхийн эрүүл мэнд болон Эрүүл мэндийн яамны зүгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсний үндсэн дээр үе шаттайгаар нээсэн. Мөн номын сан, музейн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж нээсэн байгаа. Улсын онцгой комиссоос  өгсөн чиглэлийн дагуу олноор цугласан жагсаал цуглаан хийхийг хориглосон хэвээр байх болно. Мөн нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулах, PC тоглоомын газар, диско баарыг нээхгүй байх чиглэлийг авсан” хэмээлээ.

Мөн тэрбээр PC тоглоомоос бусад тоглоомын газрыг нээх болон билльярд, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээ буюу кинотеатрын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу нээх болсон талаар мэдээлсэн юм.

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой комисс яг одоо хуралдахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар үе шаттай нээгдэх эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу үйл ажиллагаа явуулах талаар хэлэлцэх аж. ЭМЯ, Шуурхай штаб дээр чиглэл чиглэлийн байгууллага ямар хэлбэрээр халдвар хамгааллаа зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн амь насыг хамгаалах зөвлөмжийг хэрэгжүүлсэн байгууллагыг хэрхэн үе шаттай нээх чиглэлийг Нийслэлийн онцгой комисс хэлэлцэх гэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment