8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоодугаар сард ихэнх нутгаар бороотой

2020-07-01 14:30:00

Зуны дунд сар эхэлж, амралт зугаалгын цаг иржээ. Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс долдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.

Долоодугаар сарын 2, 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, долдугаар сарын 4-5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. долдугаар сарын 4,5-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг хална.

Энэ сард цаг агаар дулаарч, 35 хэм хүрч халах ч сарын дунд болон сүүлчээр зарим аймгийн нутгаар сэрүүсч, дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлжээ. Тодруулбал, долоодугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дундажаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 2-16 градус, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 22-28 градус,  бусад нутгаар 16-22 градус дулаан байдаг байна. Агаарын температур Дорнодын нийт, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх нутгаар, Төв болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дундажаас 1.5-2 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим байх төлөвтэй гэжээ.

Баруун аймгуудын нутгаар. Долдугаар сард агаарын дундаж температур Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дундажийн орчим, бусад нутгаар 1.5–2 градус дулаан байна. Агаарын температур, хур тунадасны хувьд нэг, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ. Энэ сарын эхээр болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орж, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дундажийн орчим, бусад нутгаар 1.5–2 градус дулаан байна. Агаарын температур, хур тунадасны хувьд сарын эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ 2–5 градусаар  сэрүүснэ. Бусад хугацаанд дулаарч, өдөртөө 28-32 градус хүрч хална. Мөн энэ үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1.5–2 градус дулаан байна. Хур тунадас Дорнодын ихэнх нутаг, Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна. Агаарын температур, хур тунадасны хувьд сарын дунд болон сүүлчээр дулаарч, өдөртөө 30–35 градус хүрч хална. Харин сарын дунд үеэр өмнөх үеэсээ бага зэрэг сэрүүснэ. Ихэнх нутгаар бороо орж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажаас 1.5–2 градус дулаан байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дундажаас бага байна. Агаарын температур, хур тунадасны хувьд долдугаар сарын сүүлчээр дулаарч, өдөртөө 31-36 градус хүрч хална. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ сэрүүснэ. Долдугаар сарын нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл