Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг зорилтот долоон бүлэгт ангилж 350 айлын орон сууцны квотыг хувилан олгохоор болж бүртгэж эхэлсэн. Тодруулбал, ахмад настнууд 3-р сарын 21, 22-ны өдөр бүртгүүлсэн бол 3-р сарын 23, 24-ний өдөр залуу гэр бүлүүд бүртгүүлэх юм. Ахмад настнуудад 350 айлын орон сууцнаас 15 хувийн квот олгох буюу нийт 52 айлын орон сууцыг хуваарилж, бүртгэж дуусаад байна.
Харин өнөөдөр түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй залуу гэр бүлийг бүртгэж байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 1150 ахмад настан хандсанаас 600 орчим нь журмын шаардлага хангаж материалаа бүрдүүлж өгсөн байна. Ахмадуудын материалыг нягтлан шалгаад сугалаанд оруулах аж. Бүртгүүлсэн 600 ахмадаас 53 ахмад сугалаагаар тодорч байртай болно гэсэн үг. Ахмадын хамгийн их дургүйцэж байгаа зүйл нь тэтгэвэрийн зээлтэй иргэд түрээсийн орон сууцад хамрагдах боломжгүй гэдгийг хэлсэн. Өнөөдөр улс орон болон ахмад хөгшчүүд, залуус гээд бүгд цалин тэтгэвэрийн зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа. Үүнийг төр засаг харгалзахгүйгээр шууд л сугалаагаар тодруулна.
Сугалаа. Энэ үг монголчуудын чихэнд ойр сонсогдоод удаж байна. Төр засгийн удирдлагууд ч үүндээ гаршиж, монголчуудын амьдралыг азын шооны нүхээр шийдэхийг илүүд үзэх болов.
Монголчуудын амьдралыг энэ мэтээр азын шооны нүхээр шийдсээр байх уу. Төр засаг нь төр засаг шиг байсан бол хаана яаж амьдрах, хүүхдээ хэрхэн цэцэрлэгт өгөхөө сугалаагаар шийдэхгүй л байсан байх.