8o
Улаанбаатар хот
mobile menu

Туул голын усны түвшин Улаанбаатарын орчимд 20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см давах төлөвтэй байна

2020-07-07 13:00:00

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орж, гол мөрний усны түвшин нэмэгдлээ.

Өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Хангай нурууны арын Чулуут, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна.

Мөн долдугаар сарын 7, 8-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулъя.

Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд үерийн түвшинг 5 см давсан. Маргааш буюу долдугаар сарын 7-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см давах төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл