УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг цагдан хориод долоо хонож байна. Түүнийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос их хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгаж, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс 14 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал 11.00 цагт тус шүүхэд боллоо. Ингээд шүүхээс Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн талаар мэдээлэл хүргэсэн. Тэрбээр өчигдөрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн.
Г.Түвшинжаргалын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар энэ үеэр "Бид Г.Түвшинжаргалтай ганцхан удаа уулзсан. Өчигдөр очоод дахиад уулзах гэтэл нэг уулзсан бол болоо дахин уулзуулахгүй гээд ар гэрийнхнийг нь оруулаагүй. Миний үйлчлүүлэгч надад “дандаа шар будаатай адууны цувдаа идсээр байгаад хөх чинэрээд, хагараад байна. Ядаж сүүгээ саах аяга байхгүй жорлон руу сааж байна. Би одоо аргаа барлаа өлсгөлөн зарлалаа” гэж хэлсэн. Үнэхээр буруутай байсан бол өлсгөлөн зарлахгүй байсан. Хамгийн гол нь хүүхэд нь л өрөвдмөөр байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.