8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт үйлдвэр"-ээр овоглосон Даян мэргэн нэгээр нэмэгдэв

2020-07-21 09:10:00

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн ажилтан, Завхан аймгийн Эрдэнэхайран сумын уугуул, Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан “Даян мэргэн” цол хүртлээ. Тэрээр 40 сумаас 38 онож, Үндэсний их баяр наадамд онч сорьсон 396 эрэгтэй харваачийг тэргүүлсэн юм. Их баяр цэнгэлийн хойморт ийнхүү Даян мэргэн төрснөөр Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубын үндэсний сурын тамирчид Улсын их баяр наадмаас 15 дахь түрүүгээ авч байна.

1993 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэг Эрдэнэт хотноо сурын спортыг хөгжүүлэх зорилгоор гавьяат тамирчин, Монгол Улсын Дархан мэргэн Ш.Даваахүүг урьж, үндэсний сурын багш, дасгалжуулагчаар ажиллуулсан тэр үеэс сурын харвааны түүхэн амжилт эхэлсэн гэж үздэг. Ш.Даваахүү мэргэн сур харвааны системчилсэн сургалтыг эхлүүлсэн бөгөөд эдүгээ Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубт насанд хүрэгчид болон өсвөрийн нийт 150гаруй харваач хичээллэж байна.

Төрийн их баяр наадамд Монгол Улсын Дархан мэргэн Ш.Даваахүү 5 удаа,  Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр 3 удаа, Монгол Улсын Даян мэргэн Б.Ёндон 2 удаа, Монгол Улсын Даян мэргэн Ц.Баасанхүү 2 удаа, Монгол Улсын мэргэн З.Сүлдболд 1 удаа, Монгол Улсын Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан хоёронтоо түрүүллээ.

И.Чинтогтох

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment