8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Дэмбэрэл: Би спортын 4 төрлийн мастерийн зэрэгтэй, гэхдээ одоо ч гудамжинд багшилсаар явна

2016-03-25 09:44:00

Залуу хосууд цэцэрлэгээр зугаалж, хүүхэд хөгшид  гадаа нарлах нь Монгол оронд маань хахир хүйтэн өвөл харьж урь орсныг илтгэнэ. Алтан нар дулаан цацаргаараа ээж, уулын цас нарны илчинд ханзарч, усны шувуу холын газраас  зорин ирж Монгол оронд маань дэлгэр цаг айсуй. Яг л энэ үед хотын гудманд хөл хөдөлгөөн ихэсч худалдаа наймаа дэлгэгдэнэ. Тэдэнтэй зэрэгцэж гудамжны буланд “шилэн хил” тавьчихсан суух хүмүүс хаяа нэг таарна. 1990 оны сүүлээс эхэлж  Нийслэлийн гудамжинд ганц хоёрхоноор үзэгдэж эхэлсэн энэ ажилд одоо олон хүн элсчээ. Товчхондоо бол цаг үе хөгжихийн хэрээр таргалалт явагдаж түүнийг дагаад шинээр гарч ирсэн ажлын байрны нэг гэж ойлгож болохоор. Тэгвэл амьдрахын төлөө өөртөө ажлын байр бий болгосон эдгээр хүмүүст тулгамддаг бэрхшээл юу байна? Тэд юу хэлэхийг хүсч байна?  Дэргэдүүр өнгөрч байгаа арван хүний хэд нь өөрийнхөө жинг үзүүлж байна? гэх зэрэг асуултын хариуг хайж сэтгүүлч миний бие хамгийн их хөл хөдөлгөөнтэй Багшийн дээдийн буудал дээр очлоо. Нар хэвийж үд дунд болох алдад тэнд ойролцоогоор дөрвөн ч хүн хил ажиллуулж байлаа. Хамгийн ахмад настай арав орчим жил хилэн дээр сууж байгаа гэх буурал сахалтай өвөөтэй уулзаж ярилцахыг хүссэн боловч.

-Өө би ярилцлага өгөхгүй ээ. Надад ямар ашигтай юм биш гэж хэлчихээд  шилбэ татан буруу харлаа. Гэтэл дэргэд нь хил ажиллуулж суусан 30 гаран насны залуу “Миний дүү манай энд хамгийн олон жил хил ажиллуулж байгаа улаан хамарт Дэмбээ гэж нэг айхтар өвгөн бий. Насаараа багш явсан юм гэнэлээ. Тэр л чамд их юм ярьж өгнө дөө одоо хоолондоо явчихсан юм шиг байна” гэлээ. Би ч тэнд хоёр орчим цаг хүлээсний эцэст Дэмбээ гуайтай  уулзаж учир зорилгоо хэлэхэд “Аан за өөрийнхөө амьдарлын талаар ярихад гэмгүй. Гудамжны булан бараадсан өвгөн буурал миний саналыг сонсох хүн цөөхөөн” гэж гомдонгуй хэллээ. Дөнгөж саяхан ирсэн Дэмбээ гуай будагны төмөр саваар орлуулсан сандал дээрээ сууж, саарал үүргэвчнээсээ ажлын гол хэрэгсэл болох шилэн хилээ гаргаж, хэдэн төгрөгөөр хиллүүлдэгээ илтгэсэн гар бичмэлийг хилнийхээ дэргэд байрлуулаад бид хоёр яриагаа өрнүүллээ.

- Сайхан хаваржиж байна уу?  Та өөрийгөө уншигчдадаа танилцуулна уу?

- Намайг Дэмбэрэл гэдэг. Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн. Эхээсээ ганцаараа айлын ганц хүү. Ээжийнхээ энгэрт эрхэлж бага насаа ишиг шиг л өнгөрөөсөндөө. Тэгээд Хөвсгөл аймгийн Хатгалд арван жилээ төгсөөд Улаанбаатарт ирж анхны биеийн тамирын дээдийг төгсч байлаа. Дамдин аварга бид хоёр чинь нэг үеийн төгсөгч шүү дээ. Сургуулиа төгсөөд 1965 онд энд эхнэртэйгээ танилцаж байсан юм. Миний хань найман хүүхэд надад төрүүлж өгсөн юм. Одоо бүгд л энх тунх өөр өөрсдийнхөө л амьдарлаар сайхан амьдарч байна.

- Анх яагаад Биеийн тамирын дээд сургуулийг сонгох болсон юм бэ? Та их хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм уу?

- Тиймээ. Би чинь айлын ганц хүүхэд болохоор их л дураараа сахилгагүй хүүхэд байсан юм. Тэгээд л биеийн тамирт сонирхолтой байсан болохоороо энэ сургуулийг төгссөн. Би чинь бокс, волейбол, теннисний мастер, шатрын дэд мастер хүн шүү дээ. Боловсролын салбарт нийт 35 жил ажилласан юм байна.

Би чинь бокс, волейбол, теннисний мастер, шатрын дэд мастер хүн шүү дээ. Боловсролын салбарт нийт 35 жил ажилласан юм байна.

- Сургуулиа төгсөөд та хаана хаана ажилласан бэ?

- Сургуулиа төгсөөд эхнэр хүүхдээ аваад нутаг буцсан юм. Очоод Арбулаг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Түнэл сумдад биеийн тамирын багшаар ажиллаж байгаад хамгийн сүүлд Заамарт ирж багшилсан. Намайг Заамарт багшилж байхад жинхэнэ алтны үе байлаа шдээ. Шунахай нэг нь байсан бол тэнд газар сэндийлээд мөн ч их баяжих байсан. Даанч би алтанд санаархаж байгаагүй юм. Манай ээж алт эдлэвч аманд байхгүй, амттан эдлэвч ходоодонд байхгүй гэж сургадаг байсан болохоор би тоогоогүй.

-Насаараа багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Хэзээнээс эхэлж энд ажиллах болов?

- Ах нь долоон жил тэтгэвэр тасарчихсан болохоор одоо 300 мянгыг л авдаг юм. Тэгээд тэтгэвэртээ гарчихаад зүгээр суугаагүй ээ. Хүүхдүүддээ тусалж машины зах дээр ченж хүртэл хийдэг байлаа. Хамгийн сүүлд 2000 оноос эхэлж гудамжинд сууж хил ажиллуулдаг болсон. Одоо 16 жил болж байна. Ах нь номын сан, Ленингийн хавьцаа суудаг байсан. Тэндэхийн хүмүүс  ч намайг андахгүй болсон.

- Одоо та энд хэнтэйгээ хамт амьдардаг вэ?

- Одоо хамгийн том бандитайгаа, бэртэйгээ гурван ачтайгаа Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд амьдарч байна. Манай эхнэр дунд охинтой хамт байдаг. Насаараа тогооч хийсэн хүн бий. Хөл муутай болчихсон юм. Насны эцэст эмгэнээ хөлтэй болгочих юмсан гэж бодож явдаг даа. Манай хүүхдүүд бүгдээрээ л тус тусынхаа ажил хийдэг. Том охин өөрийн том ресторантай дунд охин бас дэлгүүртэй. Багш хүн болохоороо ч тэрүү хүүхдүүдээ их зөв чанга өсгөсөн болохоор манай хүүхдүүд эцэг эхийнхээ чихийг халаахгүй санаа зовоохгүй л явна.

- Гудамжинд хил ажиллуулах ажлыг хийхэд хүүхдүүд тань дургүйцэж байсан удаа бий юу?

- Аав одоо бид нарын нэр сүрийг бодооч гэж хүүхдүүд уурлаж л байсан.  Тэгэхээр нь би өдрийг яаж өнгөрөөх юм бэ? өөрийгөө би мэднэ гэж л хэлдэг байлаа. Сүүлдээ ч юм хэлэхээ байсан. Хамгийн гол нь өдөр өнгөрч өгдөггүй болохоор энд ард түмнийхээ дунд байх нь л сайхан байдаг. Тэгээд ч зүгээр суухаар зүлгэж суу гэдэг ардын сайхан үг байдаг даа. Энд хил ажиллуулахад ядаж л гэрийнхээ нүүрсний мөнгийг олчихдог юм. Тэгээд дээр нь бэр, ач нартаа илүүчлэх мөнгө гардаг л юм.

- Нэг хүн хиллүүлээд хэдэн төгрөг авдаг вэ?

- Нэг хүнийг 200 төгрөгөөр хиллэдэг. Гэхдээ одоо хүмүүсийн амьдрал доройтож хямрал гэдэг зүйл бодитойгоор нөлөөлсөн нь илт байна. Хүмүүс нэг их хиллүүлэхээ больчихсон. Өдөрт 2000 мянган төгрөгтэй л буудаг боллоо. Уг нь сайн үедээ өдрийн 20 мянган төгрөгтэй ч буух үе байсан.  Анх би гудамжинд зогсох үед нэг хүнийг 100 төгрөгөөр хиллээд өдрийн 1000-2000 төгрөгтэй л буудаг байлаа шдээ. Тэр үед мөнгөний ханш сайхан байсан үе болохоор болоод л байсан. Иргэдийн амьдрал хүндэрсэнийг захын хорооллын дэлгүүрүүдээр ороход л илт мэдэгдэж байна. 100 гр тос, 100 гр элсэн чихэр авъя, биччихээрээ хүүхдийн мөнгө буухаар өгье гэж л амьдарч байна шдээ. Монголчууд  өрнөөс өрний дунд л амьдарч байна. Энэ 76 чинь ард түмний мөнгийг өөрсдөө халааслаад тендер нэртэй халхавчин дор хувааж идчихээд байхад бид яаж өөдлөх вэ дээ. Тэгээд хичнээн банкыг дампууруулчихав, дампуурал гэдэг чинь мөнгөө хувааж авна л гэсэн үг шүү дээ.

100 гр тос, 100 гр элсэн чихэр авъя, биччихээрээ хүүхдийн мөнгө буухаар өгье гэж л амьдарч байна шдээ.

- Ард түмэн хямралд оржээ гэж ярьж байна. Хажуугаар арван хүн өнгөрлөө гэж бодоход хэд нь танд хиллүүлж байна?

- Одоо бараг арван хүнээс нэг ч хүн хиллүүлэхээ больчих гээд байна шүү дээ. Энэ мэтээр Монгол туйлдах юм бол энд зогсох ч хүн алга болно биз.

- Жингээ үзүүлж байгаа хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг байх. Тэд жин нэмэгдсэнээ үзээд хамгийн түрүүнд юу гэдэг вэ?

 - Голдуу эмэгтэйчүүд жингээ үздэг. Хамгийн түрүүнд “Хөөх” гэж л уулга алддаг даа. /Инээв/ Би өөрийгөө тэтгэвэрт гарсан ч гэсэн биеийн тамирынхаа багшийг хийгээд л явна гэж боддог шдээ. Би боксын мастер байхдаа 57 кг жинтэй байсан одоо ч хэвээрээ. Монголчууд таргалж байгаа шалтгаан нь янз бүрийн хоол хүнсний хэрэглээ бас юм л бол машины кабен руу суух гэж тэмүүлдэг болсонтой холбоотой. Би бол байнга алхана, гуанзны хоол идэхгүй шдээ. Багшийн дээдээс ботаник хүртэл алхчихдаг хөлс даавраад бие хөнгөрөөд гоё болчихдог юм. Ер нь гүйгээд гимнастик хийгээд байвал хүн долоо хоногт арван кг ч хасаж болно. Одоо 74-тэй гэхэд би нэг ч удаа эмнэлэгт хэвтэж тариа хийлгэж үзээгүй. Насаараа биеийн тамирын багш хийсэн хүн болохоороо дуугүй байж чадахгүй зарим залууст хэлдэг л юм.  Хөдөлгөөнтэй бай, сайн алхаж бай  болохгүй бол гимнастик хийхгүй юу? гэхэд Хнн юу ярьж байгаа юм гэж байгаа юм чинь.

- Та олныхоо дунд байнга байдаг хүн. Ер нь хүмүүсийн харилцаа хандлага ямар байна вэ?

- Надтай хүмүүс их соёлтой сайхан харилцдаг юм. Би амьдралдаа худлаа хэлж, хулгай хийж болохгүй гэдэг зарчим баримталдаг хүн.  Одоогийн залуусыг ажиглаад байхад боловсролын доголдол их, багш нар хичээлээ зааж мэдэхгүй болчихсон юм шиг санагддаг. Мөн эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлж, үлгэрлэж чадахгүй байгаад харамсаж явдаг даа.

Дэмбээ гуайг Багшийн дээдийн улаан хамарт Дэмбээ гэхэд хүмүүс андахгүй мэднэ. Хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс

-Сайна байна уу? Дэмбээ гуай гэж мэндэлж үе тэнгийн зарим нэг нь тоглоом шоглоом хийж, Дэмбээ гуай  ч урдаас нь үг сөргүүлэн элэглэнэ. Өвөө нь ч одоо нэг хэсэг сууж байгаад нутаг явнаа тэнд очоод үеийн хөгшчүүлтэйгээ шатар , даалуугаа тоглоод л мөн ч сайхан даа. Нас өндөр болохын хэрээр хүн нутагаа их санадаг юм байна. Заримдаа мөнгөгүй хүнийг ах нь үнэгүй үзээд өгчихдөг, яах вэ дээ. Ер нь хүмүүс намайг андахаа байсаан олныхоо дунд байх шиг сайхан зүйл байхгүй” гэж ярих нь нас өндөр болсон цал буурал энэ намхаан өвгөн түмнийхээ дунд насаа элээх тавилантайдаа сэтгэл хангалуун байдаг нь илхэн.

Ярилцлаган өгсөнд баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай гэхэд: Баярлалаа охин минь олныхоо дунд гал цог мэт гялалзаж яваарай хэмээн Дэмбээ гуай надад  зөрүү хэлэн урам хайрлалаа. Ийнхүү  нар цаашилж уулын цаагуур хэвийх алдад бид хоёрын ярилцлага өндөрлөсөн юм..

“Хүн амьдралдаа байгаа зүйлдээ сэтгэл өег  байх шиг аз жаргал байхгүй” гэсэн утга өвгөний хэлсэн үг бүрийн араас уяатай дагалдана. Үнэхээр ч хашигдсан мэт дөрвөлжин хайрцганд амьдарч өнгө мөнгөний араас хөөцөлдөхөөс илүү түмнийхээ дунд жаргал зовлонгоо хуваалцаж явах нь хүний амьдралын нэгэн жаргал ч юм болов уу даа. Хүн гэдэг чинь амьдарлын бэрхшээлээс зовлонг амсч  байж л жаргалыг мэдрэх юм аа.  "Ай даа хүмүүс минь амьдрах сайхаан"  гэсэн гайхалтай мөртөөр энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе.

Б.Мөнхдалай

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Өгөөжтэй сайхан ярилцлага болжээ. Цөөхөн ч гэсэн эерэг зүйл унших сайхан
2016/03/27 103.17.108.42
hungun shingen saihan ah bna a
2016/03/25 103.17.108.42
Сайхаан сайхан
2016/03/25 103.17.108.42