8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батбаясгалан: Агаарын бохирдолтой тэмцэх асуудалд хүн бүрийн оролцоо чухал

2020-08-08 16:36:53

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 6, 7 дугаар сард орсон аадар борооноос үүссэн хохирлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа.

Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад нийт 13574 м2 нүхэн эвдрэл, 870 м3 борооны усанд угаагдсан далан болон хөвөө эвдрээд байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, үерийн далан дээрх явган хүний гүүрийн гарцын тулгуур угаагдаж салсныг засварлах шаардлагатай. Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны 0,9 км авто замд эвдрэл гэмтэл үүссэн. Мөн 13, 14 дүгээр хороо, Өргөөгийн гудамжны авто зам, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлхийн авто замд 600 м2 нүхэн эвдрэлд орсон учир эдгээр авто замыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд нийт төвийн зургаан дүүрэгт үүссэн нүхэн эвдрэлийн засвар, шороо хучиж тэгшлэх, борооны ус соруулж зайлуулах, лаг шавар цэвэрлэх ажил зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Харин цаашид үүссэн нүхэн эвдрэл, үерийн далан дээрх явган хүний гүүрэн гарцын тулгуур, далан болон хөвөө, засвар шинэчлэлтийн ажилд 3.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хэллээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан авто замын засвар шинэчлэлтийн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх, эх үүсвэрийн асуудлыг тодорхой болгох үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Мөн авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцад замын трасст өртсөн газар чөлөөлөлтийн асуудлаар холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж, ямар гарц гаргалгаагаар шийдвэрлэх вэ гэдэг асуудлаа дахин оруулж ирж, танилцуулах үүргийг өгсөн юм.

Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтооно

 

Дараагийн хэлэлцсэн асуудал бол агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөгдөх журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Агаарын тухай хуульд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно хэмээн заасан. Энэ дагуу дөрвөн бүсэд хуваасан бөгөөд нэгдүгээр бүсэд хамрагдсан хороод сайжруулсан хатуу түлш хэрэглэнэ. Харин хоёр, гуравдугаар бүс цахилгаан болон бусад эх үүсвэрээр үе шаттайгаар холбох бол дөрөвдүгээр бүс бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох юм. Бүсэд шинээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо тус тус нэмэгдэж байна. Нийслэлийн агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоосноор агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг тогтоох ач холбогдолтой” гэсэн юм.

Мөн агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэх зөвлөлийн хуралд дүүргүүдийн Засаг дарга нарыг хүрэлцэн ирэхийг урьсан болохыг хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдолтой тэмцэх асуудал салбарын бүх сайд нарын эрхлэх асуудалд бий. Дүүргийн удирдлагууд Засаг даргын зөвлөлийн хуралд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар оролцох ёстой байтал Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нараас бусад нь ирээгүй байна. Агаарын бохирдолтой тэмцэхгүй байгаа Засаг дарга нартай би хариуцлага тооцно. Хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн удирдлагуудад утааны асуудал хамаагүй юм шиг, үл тоож байна.  Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах гээд чухал асуудлыг хотын удирдлагууд хэлэлцэж байхад дүүргийн удирдлагууд ийм хариуцлагагүй байж болохгүй” хэмээлээ.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг шинэчлэх саналыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд танилцуулж, батлуулахаар болов.

Соёлын өвийн бүртгэл, хамгаалалтад авах шаардлагатай 41 барилга байна

 

Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах, санхүүгийн эх үүсвэрийг судлах ажлын тухай асуудлыг нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав танилцуулав.

 

Соёлын өвийн бүртгэл хамгаалалтад авах шаардлагатай нийт 41 барилга байгууламж бий. Шинээр хамгаалалтад авах барилгад Монгол Улсын Засгийн газар байрлаж байсан барилга, МУИС-ийн хичээлийн төв байр, Монголын орчин үеийн анхны зочид буудал зэрэг хэд хэдэн барилга байгууламжууд байна. Харин нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай барилга байгууламжид Гэсэр сүмийн цогцолбор, Улаанбаатар хотын музей, Хүүхдийн урлан бүтээх төв, Дамбадаржаалин  хийд болон Ерөнхий сайд Ц.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” орж байгаа юм. Цаашид үйл ажиллагааг сайжруулж, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах шаардлагатай байгууламжид Гандантэгчинлэн хийдийн цогцолбор, Дарь-Эхийн сүм, хоёр чулуун багана, гол сүм орж байна. Хамгаалалтаас хасах шаардлагатай барилга, байгууламжид Жуковын гэр музей, Бэтүб хийд, Түвдэнпэлжээлин хийд барилгууд байна.  Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламжийг аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлэх зорилгоор “Их тэнгэрийн ам-Зайсан” аялал, “Гандантэгчилэн-төв шуудан”, Улаанбаатар хотын зүүн хэсгийн аялал, “Дамбадаржаалин-Дашчойлон” зэрэг дөрвөн хэсэгт аялал зохион байгуулахаар төлөвлөжээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан шаардлагатай хөрөнгийн саналыг яаралтай оруулж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл