Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлаар хуралдлаа. Улаанбаатар хотод цахилгааны эх үүсвэрийн дөрвөн станц бий. Долдугаар сарын 20-ны байдлаар ерөнхий бэлтгэл байдал 59 хувьтай гэж дүгнэжээ. Инженер хангамжийн найман байгууллагын бэлтгэл ажил 64 хувьтай байгаа аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "2020-2021 оны өвлийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх үүрэг даалгаврууд өгсөн. Энэ хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженер хамгааллын байгууллага, Засаг даргын харьяа газар, Улаанбаатар хотын захирагчийн орон нутаг өмчийн үйлдвэрийн газрууд болон дүүргүүд нийтдээ 1311 ажил төлөвлөсөн. Үүн дээр 1356 төсөл ажил нэмэгдэж долдугаар сарын 20-ны байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна" гэлээ. Харин дулаан хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл 65.2 хувьтай байгаа аж.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүх шатандаа ханган ажиллаж байгааг албаныхан онцлов. 2020 оны орон нутгийн төсвөөр таван сургууль, долоон цэцэрлэг, нэг спорт заал, нэг сургуулийн хоолны газрын өргөтгөл, 23 бага сургууль нийт 37 хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг 116.1 тэрбум төгрөг бөгөөд энэ онд санхүүжих дүн нь 18.5 тэрбум төгрөг байна.