Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун их бууны сургуулилтыг үзэж шалгах үеэрээ довтлох тушаал өгмөгц Сөүлийн засгийн газрын байгууллагуудад цохилт өгөхөд бэлэн байхыг цэргүүддээ уриалсан тухай Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг уламжилсан байна. Умард Солонгос Өмнөд Солонгосын төрийн байгууллагуудыг “өршөөлгүйгээр устган”, улс орноо нэгтгэх ёстой гэж Ким Жөн Ун мэдэгджээ. Тэрбээр мөн армийн цэргүүд маш сонор сэрэмжтэй бөгөөд ёс суртахуун, сэтгэлзүйн хувьд бэлэн байх ёстойг цохон тэмдэглэсэн байна.
Умард Солонгос даваа гарагт Япон тэнгис рүү таван пуужин харвасан билээ. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногт Пхеньян пуужингийнхаа хүчин чадлыг харуулсан гурав дахь туршилт болсон. Тус улс Солонгосын хойгт Америк-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль хийсний хариуд пуужингуудынхаа хүчин чадлыг ийн харуулсан юм.