8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай аймагт тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдлээ

2020-08-26 12:40:00

Өвөрхангай аймаг тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тус аймгийн Эрүүл мэндийн төвд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй ээж, хоёр хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлж байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Тэдний гэдэс нь өвдсөн, гүйлгэсэн шинж тэмдэгтэй байгаа аж. Энэ талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ  "Өнөө өглөө Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд тарваган тахлын гэдэсний хэлбэр гэсэн оноштойгоор гурван хүн хэвтсэн. Тухайн гурван хүн нэг гэр бүлийнхэн/ээж хоёр хүүхдийн хамт/ бөгөөд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Богд суманд байхдаа тарваганы мах идсэн гэсэн өгүүлэмжтэй бөөлжиж, суулгах шинж тэмдэгтэй байна. Тиймээс иргэдийг тарваганы мах түүхийгээр хэрэглэхгүй байж, тахлаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Тарваган тахал гэж юу вэ?

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

Тарваган тахал өвчин хэрхэн халдварлах вэ?

Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

Тарваган тахал өвчний үед илрэх шинж тэмдэг

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment