Наймдугаар сарын 31-ний шөнө гурван настай хүүхдийг мөргөж зугтсан согтуу жолоочийг илрүүлжээ.
Тодруулбал Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг Номын булаг гэх газар Toyota Fielder маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 3 настай хүүхэд мөргөж зугтаасан гэх гомдол мэдээлэл иржээ.
Тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц.Намнан, цагдаа зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж шөнийн 03:00 цагт жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уг тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхиж явсныг илрүүлжээ.
Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0.49 промиллийн согтолттой байсан байна.