8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болно

2020-10-06 08:32:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон яаманд ажиллан Засгийн газрын зорилт, энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулж, үүрэг, чиглэл өгөв. 

Барилгын политехник коллежийн анхан шатны боловсрол олгох ангид 1,583, техникчийн боловсрол олгох ангид 398, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх насанд хүрэгчдийн ангид 157 суралцагч суралцаж байна.

Оюутнууд хавар, намартаа цалин, урамшуулалтай дадлага хийдэг бөгөөд төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлээрээ ажилладаг тухай коллежийн захирал Г.Нямдулам танилцуулав. Засгийн газар мэргэжилтэй ажилчин бэлтгэх цогц бодлогын хүрээнд Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг үнэ төлбөргүй болгож, суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Ажлын байрны олдоц, тэтгэлэг зэрэгтэй холбоотойгоор залуусын суралцах сонирхол эрс нэмэгдсэн, их, дээд сургууль төгссөн хүн ч ирж байгааг захирал Г.Нямдулам хэлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа дадлагын байрны ажлын явц, Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын цахимжуулалттай танилцав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллах үеэрээ харааны бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг кофе шоп, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”, хүүхдийн цэцэрлэг, 7777-1289 дуудлагын төвийн ажилтай танилцав.

Хүүхдийн цэцэрлэгт тус яам болон ойролцоо байрлах нэр бүхий яам, төрийн байгууллагын ажилтнуудын 60 гаруй хүүхэд хүмүүждэг.

Дуудлагын төв нь иргэдэд нийгмийн даатгалтай холбоотой бүх талын зөвлөгөө, мэдээлэл өгч, өргөдөл, гомдол, саналыг нь хүлээн авч шийдвэрлэж байна. 2021 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт ашиглалтад оруулах бол ирэх оноос Улаанбаатар хотод Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төв, тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж эхлэхээр төлөвлөжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа салбарын бодлогын шинэчлэл, хийж байгаа ажлынхаа талаар товч танилцууллаа.

Яам:

  • Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл
  • Халамжаас хөдөлмөрт шилжих
  • Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг нэвтрүүлэх
  • Суралцагч төвтэй бодлогоос Сургууль төвтэй бодлогод шилжих
  • Нийгмийн бүлгүүдийн хөгжил, хамгааллын цогц бодлого
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хөгжих боломжийг ижил тэгш хангах
  • Цахим яам болохыг зорьж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн www.ehalamj.mn, нийгмийн даатгалтын www.ndaatgal.mn, Мэргэжлийн боловсрол, сургалтын www.mergejil.mn, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичвэрийг ярианд хөрвүүлэх TTS программ хангамж зэргийг нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд шимтгэл төлөлтийн лавлагаа, сайн дурын даатгалын үйлчилгээ, Насны хишиг, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн, одонтой ээжийн тэтгэмжийг цахимаар авч байна. Мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл олгох программ, Гадаадаас ирж ажиллах хүчний бүртгэл, www.etuslamj.mn зэрэг цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамт олонд талархал илэрхийлж, уян хатан, шуурхай, ажил хэрэгч, санаачилгатай байж, нийтийн эрх ашгийг дээдлэн, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллахыг захив.

Ирэх дөрвөн жилд зам тээвэр, төмөр зам, барилга, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрчимжсэн газар тариалангийн салбар дахь бүтээн байгуулалтын үр дүнд 138 мянган ажлын байр шинээр бий болох учир үүнд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Цаашид:

  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг шинжлэх ухааны үндэстэй, тооцоо, судалгаатай болгох
  • Халамжийг хэт хавтгайруулах, үнэгүйдүүлэх, үр дүнгүй болгох, иргэдээ халамж шүтсэн хандлагатай болгохгүй байх
  • Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чадвартай багш, шаардлагад нийцсэн сургалтын орчин, дадлагын баазтай болгож Сургууль төвтэй болгох
  • Тодорхой салбарт мэдлэг, чадварыг нь өвлүүлэх хэлбэрээр ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
  • Хүүхдүүд аюулгүй орчинд өсөж торних, сурч хөгжих нөхцөлөөр хангаж, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхэд хамгааллын зардлыг бууруулах бус, харин нэмэгдүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай нийгмийн халамж, хамгааллыг үзүүлж, жирийн иргэдийн адил нийгмийн харилцаанд орох боломжийг бүрдүүлэх чиглэлээр сайн туршлага, арга хэрэгслийг нэвтрүүлэхийг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment